m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.23 07:09
73
Ч.Улаан: Ирэх оны төсөв төлөвлөгөө боловсруулах ажилд саатал гарлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын чуулган сарын хугацаатай завсарласан. Өнөөдөр чуулган хуралдах тов зарлагдсан учраас хүрэлцэн ирлээ. Манай тойрогт сонгуулийн кампанит ажил ид өрнөж байгаа. Энэ хаврын чуулганаар Төсвийн байнгын хороотой холбоотой хуульд заасан зайлшгүй хэлэлцэж батлагдах хэд хэдэн асуудал бий.

Байнгын ажиллагаатай парламентад тасралтгүй хэлэлцэгддэг асуудал бол төсвийн асуудал байдаг. Тухайлбал, хаврын чуулганаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж батлах хуультай. Ингэснээр ирэх оны төсвөө боловсруулах нөхцөлийг парламент бүрдүүлж өгдөг. Гэсэн хэдий ч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт аль нь ч тусгагдсангүй.

Төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаар долдугаар сарын 1-нээс эхлэн төсөвт байгууллагууд ирэх оны төсөв төлөвлөгөөгөө боловсруулж эхлэх учиртай. Гэвч энэ ажил дээр саатал, тасалдал гарч байна. Байнгын хорооны хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдлийн эхний хэлэлцүүлэг хийсэн. Одоо эцсийн хэлэлцүүлгийг УИХ хийх үлдээд байна. Хоёрдугаарт, өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг батлах хуулийн зохицуулалттай. Засгийн газар өнөөг хүртэл 2015 оны төсвийн гүйцэтгэлийг өргөн бариагүй байна. Тиймээс хэлэлцэгдэх нөхцөл бүрдэхгүй байна" гэв.

Өнөөг хүртэл 2015 оны төсвийн гүйцэтгэлийг өргөн бариагүй байна

Төсөвтэй холбоотой асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн учраас УИХ-ын гишүүн Ч.Улаан сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлэхээр тойрог руу явж байгаа ажээ. Энэ үеэр тэрээр 1072 хувьцаатай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Орон нутагт ажиллаж байхад иргэд 1072 хувьцааны 100 мянган төгрөгийг Засгийн газраас бэлнээр олгож буйг юу гэж үзэж байна вэ?

-Энэ талаар иргэд их асууж сонирхож байна. 1072 хувьцаатай холбоотой асуудлаар ард иргэд эргэлзэж тээнэгэлзсэн байдалтай байна. Төсвийн хууль талаас харвал Засгийн газарт энэ хэмжээний мөнгө зарцуулах эрх хуулиар олгогдоогүй. Ард иргэд мэдээлэл сайтай байна. Гаднаас өндөр хүүтэй зээл авч энэ хувьцааг мөнгөжүүлж байгаа юм биш биз дээ гэж асууж байна. Гэхдээ гарах эерэг сөрөг үр дагавар юу байх бол, сонгуулийн өмнө явагдаж байгаа шоу юм уу, алсдаа бидэнд ашигтай юу, үгүй юу, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах вий дээ гэдэгт хүмүүст анхаарлаа хандуулж байна. Хувьцааг дагаад төгрөгийн ханш унах, юмны үнэ өсөх вий дээ гэсэн болгоомжлол их байна.

Хувьцааг дагаад төгрөгийн ханш унах, юмны үнэ өсөх вий дээ гэсэн болгоомжлол их байна