m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 03:21
76
МАН-ын таван худал

МАН-ын сонгуулийн сурталчилгаагаар “АН ингэж ч алдсан, МАН тэгж ч гийгүүлнэ” гэж чихэн дээр цэцэг ургуулахаар арга ядна. ТВ асаана МАН, нэт ухна МАН, радио сонсоно МАН, сонин гарчиглана МАН...

Яг үнэн хэрэгтээ МАН-ын хөтөлбөрт байгаа эдийн засгийн гэх бодлогод олон тооны худал хуурмаг байгааг илрүүллээ. Хий хоосон амлалт, худал хуурмаг мөрөөдөл, хүн хуурах гэсэн арга ядсан хоосон үгс хөвөрнө. Эдийн засаг гадарладаг, доторлодог хүмүүс МАН-ын хөтөлбөрийг уншаад даан ч дээ, чааваас даа хэмээн толгой сэгсэрч, шүүрс алдаж сууна.

Анхаар!!! МАН-аас болгоомжил!!! МАН-ын 5 Худлыг уншигтун, тунгаагтун. Тэдний өмнөх амлалтууд биелж байлуу? Тэд иргэдэд наалддаг их бүтээн байгуулалт хийж үзлүү? Тэдний чадах юм бол өөрсдөө хөшигний ард эвтэй найртай гэгч нь Монголын хамаг өрөм сүүг нь идэж уучихаад, ард иргэдэд өчүүхэн бэлэн мөнгө тараах байдлаар хусам, угаадас долоолгож хуурдаг. Монголын эдийн засгийг уул уурхайгаас бүрэн хараат болгож 20 жил буруу замаар будаа тээлгэсэн. Өөрсдөө, гадаадынхныг цөм баяжуулж, эгэл борчууд, ажилчин түмнээ тэсрэх бөмбөгөн дээр хөсөр хаясан.

Ингээд МАН-ын ЛООЗОНГ нухацтай үзээд баримттай шинжье. МАН-ын 5 ХУДАЛ-д та бүхэн тавтай морил.

                             

                                ХУДАЛ №1: “ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХАЛАМЖИЙГ НЭМНЭ

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг МАН нэмэгдүүлж чадахгүй. Учир нь тэдэнд эдийн засгийн өсөлтийг хангах санхүүжилтийн талаар нэг ч бодлого байхгүйн зэрэгцээ татварын талаар баримталж байгаа бодлого нь зөрчилтэй, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн шинжтэй.

МАН цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, оюутны 70 мянгыг олгоно, улсын төсвөөс мөнгө гаргаж өндөр хөгжилтэй оронд олон хүн сургана, дадлагажуулна, эрүүл мэнд, их спорт, шинжлэх ухаанд төсвөөс их л мөнгө хаяна гэсэн байна. 3 дугаар ангийн хүүхэд ч ингэж хэлж чадна л даа. Хэрэв ийм зүйл хийе гэвэл төсвийн орлогыг эрс нэмэгдүүлэх ёстой болно. Төсвийн орлого татварын орлогоос бүрддэг. Татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд нэг бол эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлэх, нөгөө бол татвар нэмэх гэсэн хоёр л сонголттой.

МАН эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх мөнгийг яаж олох талаар хөтөлбөртөө нэг ч өгүүлбэр дурдаагүйн дээр гаднаас зээл авахгүй юм гэсэн. Тэгэхээр цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх үлгэрээ гүйцэлдүүлэхийн тулд татвар нэмнэ. Энэ нь тэдний орлогын албан татварыг орлогын түвшнээс хамаарсан шатлалтай болгоно гэж хэлснээр батлагдаж байна. Чи их бүтээмж гаргаж, их л орлого олох тусам МАН чамаас их татвар авах нь. Энэ нь тэдний жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэж хэлснээр нотлогдож байна. Үүнээс шалтгаалж татвараас зугтаах, бултах, орлогоо худал мэдүүлэх явдал даамжирч, ил тод болж байсан далд эдийн засгийг МАН дахин цэцэглүүлэх нь дээ.

 

Дүгнэлт 1: МАН ТАТВАР НЭМНЭ. ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛНЭ. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТУНГАЛАГ БАЙДЛЫГ АЛДАГДУУЛНА

 

  ХУДАЛ №2:ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛНА

 

МАН зээлийн хүүг бууруулж чадахгүй. Учир нь тэд төсвөөс гадуурх бүх санхүүжилтийг зогсооно гэж хөтөлбөртөө тусгасан.

МАН төсвөөс гадуурх бүх санхүүжилтийг зогсооно гэсэн. Ингэснээр Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл олгохгүй гэсэн үг. Зөвхөн улсын төсвөөр л мөнгөний нийлүүлэлт явна. Тэр төсвийг нь МАН-ын гишүүд өөрсдөө тендердээд аваад идчихнэ. Банкуудаар, банк бус санхүүгийн байгууллагаар дамжсан ямар нэг төсөл, хөтөлбөр, санхүүжилт хийгдэхгүй, хөнгөлөлттэй хүүтэй зээл олгогдохгүй учраас зээлийн хүү буурахгүй. Тэд зөвхөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж ахмад настныг хуурч байна. Тэр арга замаа МАН мэдэхгүй. Мэддэг байсан бол 2000-2012 онд МАН төрийн эрх барьж байх үед тэтгэврийн гэлтгүй зээлийн хүү бүгд буурч байх ёстой байсан биз.

 

Дүгнэлт 2: МАН-ын хөтөлбөр зээлийн хүүг өсгөнө. Зээл хүртээмжгүй болно. Зөвхөн төсвийн тендерчид-МАН угшилтай компаниуд цулайна. Бусад нь зээлгүй, мөнгөгүй хатацгаана

 

ХУДАЛ №3 ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ:

МАН дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж чадахгүй.

Яагаад гэвэл МАН төсвөөс гадуурх бүх санхүүжилтийг зогсооно гэдгээ зарласан. Эдийн засгийг томруулдаг том бүтээн байгуулалтыг улсын төсвөөс хийдэггүй. Хийе гээд ч төсөвт мөнгө байхгүй. Хийх мөнгийг нь МАН бүрдүүлж чадахгүй. Учир нь тэд зээлнээс айдаг. Тэгсэн хэрнээ зээл олдохгүй байна гэж гонгинож, юм мэддэггүйгээ гайхуулдаг.

МАН бүх аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холбож дуусгана гэжээ. Гуравхан жилийн дотор Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Баянхонгор гээд 8 аймаг хатуу хучилттай замаар АН-ын Засгийн газрын үед холбосон. Одоо Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай гэсэн баруун 5 аймаг л дутуу, 2017 онд холбож дуусгана. МАН үүгээрээ АН-ын авто замжуулах бодлогыг зөв гэж дэмжжээ. Гэтэл энэ замыг чинь Хөгжлийн банкны санхүүжилтээр, бондын мөнгөөр, улсын төсвийн биш хөрөнгөөр тавьсан гэдгийг мэддэггүй тархинууд юм болов уу?

МАН нэр бүхий дулааны цахилгаан станцууд барина гэжээ. Бөөрөлжүүт бол МАН-тай, МАН-гүй ажил нь эхэлчихсэн, бариад явж байгаа төсөл. Үгүй ер нь ингэхэд МАН гаднаас ямар ч зээл, санхүүжилт авахгүйгээр, төсвөөс гадуурх санхүүжилтийг бүрэн зогсоочихоод юугаараа зам барьж, цахилгаан станц босгох гэсэн юм бэ? Хорвоод татвар төлөгчдийн мөнгөөр л авто зам тавь, цахилгаан станц барь, тэтгэврийн зээлийн хүүг бууруул гэсэн ном байдаггүй юм!!!

 

Дүгнэлт 3: МАН-ын хөтөлбөрийн хүрээнд нэг ч аймаг нэмж нийслэл хоттой авто замаар холбогдохгүй, нэг ч цахилгаан станц шинээр баригдахгүй, өргөтгөл ч хийгдэхгүй

 

 ХУДАЛ №4 “ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИНЭ”:

 

МАН дотоодын үйлдвэрлэлийг, экспортыг, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулж чадахгүй.  Учир нь үүнийг хийх бодлого, туршлага тэдэнд үгүй, бүтээн байгуулалт хийх хөрөнгө мөнгөө яаж олохоо тэд мэдэхгүй. Тэдний хийж чаддаг юм нь:ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙХ, ЗӨВХӨН ЦААСАН ДЭЭР Л БҮТЭЭН БАЙГУУЛАХ.

МАН-ын хөтөлбөрт газар тариалангийн үйлдвэрлэлийг 4 дахин нэмнэ, хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ, тахиа, гахай, зөгий, загасны аж ахуйн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэжээ. Үүнээс үзэхэд тэд АН-ын Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг зөв гэж хүлээн зөвшөөрдөг, өөрсдөө гарвал тэрнээс дутахгүй олон дэд хөтөлбөрүүд хийж, арилжааны банкны шаардлагаас бултаж, зөвхөн төсвийн тендерээр дамжуулж мөнгө иднэ (тэд төсвөөс гадуурх бүх санхүүжилтийг зогсооно гэснийг сана) гэж төлөвлөж байгаа юм байна.

МАН гадаадын жуулчдын тоог нэг жилд нэг саяд хүргэнэ гэжээ. Нэг сая хүний сонирхлыг татаж, мөнгийг үлдээхийг хүсвэл аялал жуулчлалын салбарт зээл, санхүүжилт олгож, үсрэнгүй өөрчлөлт авчрах хэрэгтэй. Гэтэл МАН маань улсын төсвөөс гадуур нэг ч төгрөгийн зээл, санхүүжилт байхгүй шүү гэчихсэн. Тэгэхээр иргэн таны төлөх татварыг МАН төсвөөр дамжуулж өөрийн аялал жуулчлалын компанид зүгээр л даргын цохолтоор шилжүүлж аваад идээд байх нь. Яг 2011-2012 он шиг.

Дүгнэлт 4: МАН-ын хөтөлбөрийн хүрээнд өрсөлдөх чадвартай, гадагшаа экспорт хийдэг нэг ч үйлдвэр шинээр бий болохгүй

 

ХУДАЛ №5 “МАШ ТОМ БАНТСАН НЬ:

Уншигч та хэрэв ажсан бол МАН-ын хөтөлбөрт АН-ын Засгийн газрын үед хийж хэрэгжүүлсэн олон бодлого, арга хэмжээг зөв гэж хүлээн зөвшөөрсөн нь мэдрэгдэнэ. Мөн АН-ын үед хийчихсэн, эхэлчихсэн бодлогыг өөрт нялзаах гэсэн “хулгайч” араншин МАН-ын хөтөлбөрөөс ханхална. Жишээ нь:

- “Малчны зээлийн хүүг бууруулна гэжээ. АН малчны зээлийн хүүг аль хэдийнэ бууруулчихсан. АН Сайн малчин хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ.

- “Орон сууцны хөтөлбөрт малчдыг хамруулах арга хэмжээ авна гэжээ. Алив нөгөө муулаад үзэн ядаад байсан Орон сууцны хөтөлбөрөө өөрөө зөв гээд, бүр малчдыг хамруулна гэчихэж. МАН-ын хөтөлбөр боловсруулсан, баталсан хүмүүс эрүүл үү? Дашрамд хэлэхэд малчид аль хэдийнэ Орон сууцны ипотекийн хөтөлбөр-т хамрагдсан, орон нутагтаа 5 хувийн хүүтэй зээл аваад явж байгаа.

- “Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авнагэжээ. Түрээсийн орон сууцны хөтөлбөр аль хэдийнэ батлагдаад хэрэгжээд түрээслэх иргэд нь байрандаа орсон. Ийм орон сууцны тоог нэмэгдүүлэх мөнгөө МАН олохгүй, арга замаа ч мэдэхгүй. Учир нь тэд хувийн салбарын зээлийн механизмыг таашаадаггүй, харин улсын төсвөөр дамжуулж даргын гарын үсгээр тендер хусахаас өөр эрдэмгүй шүү дээ.

- “Өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, амины тохилог орон сууц барих төсөл, хөтөлбөрийг бүхий л талаар дэмжинэ гэжээ. Үүнийг АН-ын Засгийн газар Сайн хашаа хөтөлбөрөөрөө аль хэдийнэ шийдлийг нь олоод хэрэгжүүлээд эхэлчихсэн яваа.

- “Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлж, сургуулиа төгссөний дараа ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдүүлнэ” гэжээ. Үүнийг АН-ын Засгийн газар аль хэдийнэ Сайн оюутан хөтөлбөрөөр шийдчихээд хэрэгжүүлж явна.

Дүгнэлт 5: МАН-ын хөтөлбөр нь АН-ын бодлогыг зөв байсан гэж хүлээн зөвшөөрсөн, шинээр бодлого дэвшүүлнэ гэхээсээ ан-ын бодлогыг хуулсан шинжтэй

ЭЦСИЙН ДҮГНЭЛТ: МАН ХӨТӨЛБӨР НЬ БҮТЭЭЛЧ ИРГЭДИЙН ТАТВАРЫГ НЭМЭХ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ТАТВАРААР ДАРАМТЛАХ, ХУВИЙН САЛБАРЫГ МӨНГӨ ЗЭЭЛГҮЙ ХАТААХ, АЖИЛГҮЙДЛИЙГ УЛАМ ГААРУУЛАХ, ӨӨРСДӨӨ УЛСЫН ТӨСВӨӨР ТЕНДЕРДЭЖ ИДЭХ, АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ, ДЭД БҮТЭЦ, ЭКСПОРТЫН САЛБАРТ ГАРСАН АХИЦ ДЭВШЛИЙГ ТАГ ЗОГСООХ, ТӨРИЙН АЛТАН ЖОЛООГ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНД ӨГӨХ БОДЛОГО ГЭЖ ОРЧУУЛАГДАЖ БАЙНА!!!

ИЙМ БОДЛОГЫГ БИД ХҮСЭХГҮЙ!!! ЭНЭ БИДНИЙ СОНГОЛТ БИШ!!!

Ардчилсан намын сонгуулийн төв штаб