m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 04:39
143
А.Ганбат: Бар кодонд байгаа хариултын дагуу будсан зургаан хүүхэд байна

Их, дээд сургуулиудад элсэн суралцах 2015-2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 19-ний ням гаригт албан ёсоор дууссан. Таван өдөр үргэлжилсэн уг шалгалтын үеэр математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг, биологи, хими зэрэг хичээлүүдийн шалгалтын сэдэв болон даалгавар задарч, зарим нэр бүхий сургуулийн төгсөгчид уг материалыг худалдаж авсан гэх мэдээлэл гарсан билээ. Үүнтэй холбогдуулан сурагчид болон эцэг эхчүүд хэвлэлийн хурал зарлаж, элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин явуулахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийж Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ материал задраагүй гэдгийг мэдээллээ.

Математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг, биологи, хими зэрэг хичээлүүдийн шалгалтын сэдэв задарсан

Иргэдийн мэдээлж буй “ЭЕШ-д ирэх материал” хэмээн олон нийтийн сүлжээгээр худалдсан гэх зүйлсийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Манай байгууллагад ЭЕШ-ын нийгэм, математикийн шалгалтын материал задарсан гэх гомдол ирсэний дагуу шалгахад урьдчилсан байдлаар дараах хариу гарсан. Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгссөн Э гэгч нь зургаадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан нь тогтоогдсон.

Э гэгч нь зургаадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан 

Уг мэдээллийг худалдаалсан Э гэгч нь тухайн материалыг З гэгч хүнээс худалдаж авсныг шалгаж байна. Тухайн З гэгч нь хувийн их дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдаж авсан. Д нь 12 дугаар анги төгсөж буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь тухайн хүүхдэд худалдахдаа “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор худалдсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэж худалдсан. З нь Э-д худалдсан. Харин хамгийн сүүлд худалдсан хүүхэд нь “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдаалснаас асуудал үүссэн байна. Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй” хэмээн мэдээллээ.

Боловсролын үнэлгээний төвийн /БҮТ/ хэлтсийн дарга А.Ганбат

ЭЕШ-ыг зохион байгуулж дууссан. Дүн гарах ажил хэвийн үргэлжилж байна. Шалгалтын үеэр гарсан мэдээлэлтэй холбоотойгоор БҮТ-өөс математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн үр дүнд олон улсад ашигладаг, шалгалтын дүн бодитой гарсан уу гэдэгт хяналт тавьдаг шинжилгээ явуулсан. Үүнийг график дээрээс харуулж болно. 2014, 2015 оныг үр дүнг энэ жилийн үр дүнтэй харьцуулсан судалгааг гаргасан үр дүн. Энэ нь олон улсад ашигладаг үнэлгээний аргачлал. Шалгалтын дүн хэр бодитой гарсан бэ, тухайн дүнд шууд дүгнэлт хийж болох уу үгүй юу гэдгийг тооцож болдог. Үүгээр шалгаж үзэхэд шалгалтын үр дүн хэвийн явагдсан гэдгийг харуулж байна. Мөн улсын хэмжээнд өндөр оноо авсан хүүхэд өмнөх жилүүдтэй харьцуулахад хэвийн, нормаль тархалттай байгаа нь харагдсан. Өөрөөр хэлбэл, өндөр оноо авсан хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй адил гэсэн үг.

Өндөр оноо авсан хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй адил

Хоёрдугаарт, бар кодтой хариулт бүхий мэдээлэл гарсан. Ялангуяа математикийн Б хувилбартай даалгаврын 3-4 хариулт буруу, бусад нь зөв гэх мэдээлэл байгаа. Үүнийг БҮТ-өөс шалгалт дууссаны дараа гарсан мэдээлэл болохыг өөрсдөдөө байгаа баримтад тулгуурлаж мэдээлж байна. Нийт шалгуулагчдын хариултын мэдээлэл дээрээс тулгаж үзсэн. Тухайлбал, бар кодонд байгаа хариултын дагуу дууриалгаж будсан зургаан хүүхэд байна. Үүнийг шалгахад нийслэлд дөрвөн өөр сургуулийн дөрвөн хүүхэд, орон нутгийн хоёр хүүхэд байна. Эдгээр хүүхэд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, өндөр оноо авах хэмжээний сурахаар сургуулийн хүүхэд байсан. Тэгэхээр бар кодтой шалгалтын дүн гэх материал шалгалтын үеэр байгаагүйг баталж байгаа юм. Энэ бар кодтой мэдээлэл нь шалгалтын өмнө биш дараа нь тарсан.  Ингээд энэ жилийн ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалт хэвийн үргэлжилсэн гэдгийг баталж байгаа юм. Шалгалтын эцсийн хариуг өнөөдөр мэдээлэх боломжгүй. Засалтын үйл ажиллагаа хийж байгаа. Шалгалтын эцсийн хариу долоодугаар сарын 1-нд онлайнаар нээлттэй зарлана.

Бар кодонд байгаа хариултын дагуу дууриалгаж будсан зургаан хүүхэд байна

Цаашид БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай, санамсаргүй тараасан нөхдүүдийг зохих байгууллагад албан ёсны хүсэлт гаргана" гэсэн юм.