m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 04:44
91
Завханчууд шинэ залуучуудаа сонгохоор шийджээ

Сонгуулийн сурталчилгаа дуусахад ердөө гурав хоног үлдсэн энэ өдрүүдэд Завханчууд шинэ сонголт хийх гэж байгаа сурагтай. Энэ сонгуулиар УИХ-ын 17, 18 тойрог болсон тус аймагт өмнө нь дандаа нэр дэвшиж сонгогддог байсан хүмүүст энэ удаа боломж хомс байгаа аж. Энэ жил тус аймгийн тойргуудад шинэ хүмүүс дэвшсэн ба гарах магадлал ч тун өндөр яваа аж.

Завханы хойд хэсгийн 17 дугаар тойрогт МАН-аас Б.Энхболд, АН-аас Я.Санжмятав, ТТЭНЭ-ээс З.Цэрэндулам, МАХН-аас Д.Балдан-Очир, бие даан нэр дэвшигч С.Цэвээнжав, А.Санжмятав нарын зургаан нэр дэвшигч дэвшээд байна.

Ялах магадлал хамгийн өндөр нэр дэвшигч нь Монгол ардын намаас дэвшсэн “Сонор трэйд”-ийн ерөнхий захирал, “Завхан хүнс” группын ерөнхийлөгч, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга, манлай уяач Б.Энхболд

17 дугаар тойрогт нэр дэвшсэн түүнийг анх удаа нэр дэвшин улстөрд орж байгаа ч нутагтаа асар их ажил хийснийг нь Завханчууд анддаггүй аж. Сонгогдсон УИХ-ын гишүүдээс ч их ажлыг аймагтаа хийсэн түүний удирддаг “Завхан хүнс” групп мал, мах бэлтгэж, Бургастайн боомтоор хил гаргадаг нь нутгийн малчдын ахуй амьдралд ихээхэн дэмтэй байдаг ажээ.

Харин АН-аас тус тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Я.Санжмятав өнгөрсөн жилээс Завхан руу явах нь багассан байж. Учир нь тэрбээр сонгуулийн хуульд 5 дугаар сарын дунд хүртэл байсан намын жагсаалт гээчид орохоор тийнхүү тойрогтоо очихоо байсан байжээ. Нэгэнт намын жагсаалтад орчих юм чинь Завханы сонгогчид хэрэггүй болсон юм уу даа. Гэтэл гэнэт намын жагсаалт байхгүй болмогц Я.Санжмятав АН-ын “Алтан гадас” фракцийн тэргүүний хувьд Завханы хоёр тойргийг нэгийг өөрийн болгосон аж. Ингэхийн тулд тус тойрогт нэр дэвших гэж байсан “Төрийн банкны” Д.Батсайханыг Завханы АН-ын дарга болгож, аймагт намаа ялуулаад Засаг дарга бол хэмээн найр тавьсан гэдэг.

Намын жагсаалтад орно гэж баттай бодож явсан Я.Санжмятав Завханы сонгогчдын толгойг хэрхэн эргүүлэх юмаа ч бодож олжээ. Үүнд нь Н.Алтанхуягийн Засгийн газарт Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа МЗХ-ны Ерөнхийлөгчөөр дөнгөж сонгогдсон журмын дүү А.Мөнхбатдаа 600 саяар хэрэгжүүлэх нэгэн төслийг өгсөн нь хэрэг болсон байна. Уг төслийнхө хариуд МЗХ-ны А.Мөнхбат УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг цагаан жагсаалт гээч юмандаа оруулсан бөгөөд одоо Я.Санжмятав Завханд “Би нэр цэвэр, гар цэвэр, цагаан хүн” хэмээн рекламдаж яваа аж. Угтаа бол аймгийн Засаг байсан, сайд байсан, УИХ-ын гишүүн байсан хүн тэр чигээрээ цагаан байна гэж байхгүй л дээ.

Я.Санжмятавын дэргэд бизнес хийн өдий хүрсэн, төрд нэг ч өдөр ажиллаагүй Б.Энхболд бол ёстой цав цагаан байж таарна.

Тэр цагаан жагсаалт нь сонгуулийн хууль зөрсөн асуудал тул аль хэдийн хуулийн байгууллагууд шалгаад эхэлсэн. Тиймээс энэ бол явуургүй арга. Я.Санжмятавын хувьд хүн ам олонтой төрсөн нутаг Тосонцэнгэлдээ л найдаж байгаа. Гэвч түүнийг Завханы автозамыг тавиулалгүй улстөр хийхээр гацааж ирсэн гэх яриа гарсан байна лээ.

Хамгийн инээдтэй нь Завхан даяараа ярьж байгаа нэг асуудал бол УИХ дээр тойрог хуваарилах үед Я.Санжмятав өрсөлдөгч шинэ залуу Б.Энхболдын төрсөн сум Эрдэнэхайрханыг 17дугаар тойргоос хасуулж, оронд нь Яруу сумыг оруулж ирсэн гэнэ. Яруу нь угийн л Ардчиллынханд санал өгдөг сум хэдий ч хаяа залгаа нутгаас нь нэр дэвшиж байгаа Энхболдыг сонгохоо илэрхийлж байгаа гэнэ.

Мөн энэ тойрогт 2012 оны сонгуулиар Ш.Сайхансамбууг гол гарган байж МАН-аас нэр дэвшээд ялагдсан Д.Балдан-Очир МАХН-аас нэр дэвшсэн. Түүнд мэдээж сонгогчдын итгэл алдарсан нь уулзалтууд дээр нь хүн ирэхгүй байгаагаас харагдаж байгаа гэнэ. Зөвхөн Д.Балдан-Очирт ч биш, МАХН, түүний дарга Энхбаярт итгэл алдраад байхад аргагүй. Завханы ард түмэнд их л хайртайгаа илэрхийлдэг Балдан-Очирын хувьд гарахгүйгээ мэдэж байгаа ч МАН-ын нэр дэвшигчийн саналыг хуваах л “эрхэм зорилготой” гэнэ лээ.

Тиймээс учир мэдэх хүмүү Балдан-Очирт толгойгоо эргүүлүүлсэн эмээ, өвөө нарт сайн хэлж өгмөөр байгаа юм. Энэ бүхнээс харахад улстөрд шинээр хөл тавьсан Бат-Очирын Энхболд хэмээх залууд хамгийн их боломж байгаа ажээ. Б.Энхболдын Завхандаа хэрэгжүүлж эхэлсэн “Завхан нэгдэл” төсөл, автомашины бай шагналтай олимпиад, олон суманд барьсан талхан цехүүд, аймгийн төвд барьсан тоглоомын төв зэргийг хүмүүс ихэд таашаан хүлээж авчээ. Сүүлийн жилүүдэд Завханд ийм олон бүтээн байгуулалт хийгдээгүй юм чинь аргагүй байх.

Завханы 18 дугаар тойрогт МАН-аас Завхан аймгийн уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ш.Батсамбуу, АН-аас З.Нарантуяа, ТТЭНЭ-ээс Ш.Сайхансамбу МАХН-аас Б.Батхуяг нарын дөрвөн нэр дэвшигч дэвшээд байна. Тэднээс шинэээр улстөрд хөл тавьж байгаа нэр дэвшигч бол Ш.Батсамбуу.

Ш.Сайхансамбуу бол Завханаас УИХ-д нэг удаа сонгогдож байсан гишүүн бол З.Нарантуяа өмнө нь нэр дэвшээд ялагдаж байсан нэгэн.

Тэгэхээр тэднийг хуучин хүмүүс гэж болно. З.Нарантуяа АН-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракцийнх тул нэр дэвших нь тодорхой байлаа. Хэдийгээр улстөрд эмэгтэй хүнийг сонгох хандлага байлаа ч харьцангуй сул хүн түүнийг сонгох нь юу л бол.

Харин Ш.Сайхансамбуу төрсөн дүүгээ сонгуульд унагах гэж нэг тойрогт нэр дэвшиж байгааг зөвхөн Завхан төдийгүй Монгол даяараа гайхаж, хамгийн сонин содон үйлдэл хэмээж байна. "Нарантуул”-ын Ш.Сайхансамбууг хөрөнгө мөнгө, улстөрийн байр суурийн маргаантай байлаа ч дүүдээ шавар хааж байгаад нь олон хүний дур гутаж байгаа гэдэг. Тиймээс энэ удаагийн сонгуульд Ш.Сайхансамбууг биш дүү Ш.Батсамбууг нь сонгочихьё хэмээн давалгаалах хандлага байгаа аж. Ийнхүү Завханаас шинэ залуучууд улстөрд орж ирэхээр болж байгаа гэнэ.Ер нь ч сонгуулийн сурталчилгааны явцын олны хандлагаас гол зүйл шалтгаалдаг.

Завханчуудын Б.Энхболд, Ш.Батсамбуу нарт шуурч буй хандлага огт өөр, бусдынх нь их ялгаатай байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээгээр л гэхэд АН-аас нэр дэвшсэн Я.Санжмятав, ТТЭНЭ-ээс нэр дэвшсэн Ш.Сайхансамбуу нар санал өгүүлэхээр Улаанбаатараас хүн зөөж байгаа гэнэ. Үүнийг нь мэдсэн Завханчууд тэр тусам нь шинэ залуучуудаа дэмжинээ л гэж байгаа аж.

Д.Дэлгэр

                                                                                                            Монгол Ардын намын сонгуулийн төв штаб