m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.24 11:09
77
С.Дэмбэрэл: Төрийн үйлчилгээ иргэдэд дарамт болж, хохироох учиргүй

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

 

-Засгийн газар “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэсэн тухай мэдээлэл нийгмийн талархлыг хүлээгээд байна. Энэ хөтөлбөр таны санаачилга байх аа? 

 

-Би зөвхөн санааг нь өгсөн.

 

-Энэ санаачилгыг гаргах хамгийн гол шалтгаан юу байв? 



-“Сайн малчин”, “Сайн оюутан” гэх хөтөлбөрүүдийг нийтэд нь  хүртээмжтэй санаачилга гэж нэрлэсэн. Төрийн банкаар дамжуулан зээлийн хүүг хүртээмжтэй төвшинд хүргэх асуудал. Миний зүгээс энэ санааг жилийн өмнө гаргаж, УИХ дарга, Ерөнхий сайд бусад холбогдох хүмүүс бичгээр хүргүүлсэн.  Одоо бодит ажил болж байна. Сайн хэрэг.


Эцэг эхчүүд арилжааны банкнаас зээл авч хүүхдийнхээ сургалтын  төлбөрийг төлдөг. Энэ зээлийн хүү нь дунджаар 19-21 хувь. Янз янзын нөхцөлтэй. Монголд хадгаламжийн эх үүсвэрийн өртөг нь өндөр учир зээлийн хүү хангалттай хэмжээнд буурахгүй байна. Тэгэхээр Төрийн банк арилжааны банкуудтай хадгаламж авч өрсөлдөхөөсөө илүү зээлийн хүүг бууруулах үйл явцыг эхлүүлэх хэрэгтэй.
Миний санаа оюутныг онц сургах зорилготой биш. Оюутнууд өөрсдийн хариуцлагаа ухамсарлаж их мэдлэг мэдээлэлтэй болох шаардлагатай. Гэхдээ эцэг эхэд нь очиж байгаа дарамтыг багасгах чухал. Гэвч үүнийг би санаачилсан гээд чээжээ дэлдээд явахгүй. Чамайг асуусан учраас ярьж байгаа юм шүү.



-Зөвхөн малчин, оюутан гэлтгүй нийт иргэдэд зээлийн хүү багагүй дарамт үүсгэж байна. Цаашид энэ талаар ямар санал санаачилга гаргах вэ? 



-Монгол Улсыг маш энгийнээр үнэлэх дарамтын индекс гарсан байна. Тухайн үндэстэнд дарамт авчирдаг гол зүйл нь зээлийн хүү, инфляци, ажилгүйдэл гурав. Нийт 108 орныг энэ индексээр муугаас сайн луу зэрэгцүүлэхэд  Монгол Улс 30 хавьцаа л явж байна. Бизнес эрхлэгчид, иргэд 25 жилийн туршид хэрэглээний болон бизнесийн зээлийн хүү буурчихаасай гэж хүссэн. Дэлхий даяар хүртээмжтэй санхүүжилтийн тухай  ярьж байна. Бид ч бас үүнийг одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, гэсэн утгаар хүртээмжтэй эдийн засгийн тухай ярьж, бичиж, санаачилга гаргаж байна. Тэгэхээр Төрийн банкийг зарах хэрэггүй. Төрийн банкаар дамжуулан малчны, хэрэглээний, бизнесийн зээлүүдийг гаргах хэрэгтэй. Төрийн банк арилжааны банкуудтай хадгаламжийн төлөө бус  зээлийн хүүг бууруулах жишиг болох ёстой.


-Зээлийн хүүтэй холбоотой асуудал хөндсөн учраас сонирхож байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг бууруулах боломж бий юу?
 

-Монголд Банк бус санхүүгийн 450 гаруй байгууллага байна. Үүнээс 150 гаруй маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 60-аад мянган хүнд үйлчилдэг гэсэн судалгаа бий.  Энэ 60-аад мянган хүн нь дандаа өрхийн, жижиг бизнес эрхлэгчид. Тэдний хувьд барьцаа хөрөнгө хангалттай бус, банкны зээлд хамрагдаж чаддаггүй, зээлийн түүх сайн биш. Гэхдээ энэ хүмүүс мөнгөний хэрэгцээ шаардлага бий болоход гурван хувийн хүүтэй зээл авдаг. Жилийн 36 хувь. Гэхдээ иргэд ч Банк санхүүгийн байгууллагууд ч өндөр хүүтэй зээлийг хүсэхгүй байна.
 

-Тэгвэл жижиг дунд бизнесүүдэд бага хүүтэй зээл олгох өөр ямар арга байна вэ?
 

-Төв банк Засгийн газар нийлээд хямд эх үүсвэрээр зээл олгох санал боловсруулаад явж байна. Ингэж бичил жижиг бизнесүүдэд хүрнэ. Төв банк Засгийн газрын хамтын ажиллагаагаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр арилжааны банкууд татагдаж орно. Энэ бүгдийг иж бүрэн процесс болгох талаас нь ярьж байгаа. Үүнд Төрийн банк, Хөгжлийн банкны оролцоо чухал.
 

-Иргэдийн амьдралд хүндрэл учруулдаг бас нэгэн зүйл бол ломбардны хүү. Үүнд зайлшгүй төрийн оролцоо дутагдаж байна?
 

-Ломбардны өдрийн хүү 4,5. Жилдээ 75 хувь. Олон улсын хэмжээнд үүнийг мөнгө хүүлэлт гэж үздэг. Гэвч ломбард иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Ийм учраас ломбард, иргэд хоёрыг хохироогүй байхаар ганц өгүүлбэртэй хууль санаачилсан. Энэ хуулиар  ломбард санхүүгийн үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй хүргэх  талаас зохицуулалт хийнэ.
 

-Хүү нь буурах уу?
 

-Хүүг шууд бууруулахгүй. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилийн жишгээр мөнгө хүүлэх үйл ажиллагаа хийхээргүй хуулийн зохицуулалт хийнэ.
 

-Танаас асуухгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл байна. Нотариатын үйлчилгээ үзүүлдэг газруудад төрөөс зохицуулалт хийж болох уу. Ганц тамга дарсны төлөө авч байгаа төлбөр иргэдэд хүндрэл учруулах хэмжээнд байгаа шүү дээ?
 

-Төр зохицуулалт хийж болно. Төр иргэнд үйлчлэхдээ тухайн үйлчилгээг үзүүлсэн ажилтны хөдөлмөр, техник төхөөрөмж ашигласны хураамж л авах ёстой авдаг. Энэ бол маш бага. Гэтэл үнийн дүнгээс хамааруулан хураамж авдаг нь зүйд нийцэхгүй. Төрийн үйлчилгээ иргэдэд дарамт үүсгэж, хохироох ёсгүй. Зөвхөн  төрийн байгууллагын гаргасан бодит зардлыг нөхөх ёстой. Иргэдэд үзүүлсэн үйлчилгээнээсээ мөнгө олж, төсөвт төвлөрүүлдгийг алга болгох хэрэгтэй.  Иймээс Зөвшөөрлийн тухай хуулийг санаачилсан. Гэвч Засгийн газар өргөн бариад буцаагаад татчихсан. Гэхдээ энэ хууль батлагдах байх. Энэ хуулийн хүрээнд энэ талын зохицуулалт хийгдэнэ.


-Таны хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө эдийн засгийн асуудлаар санаачилгуудыг гаргаж холбогдох албаныханд хүргүүлдэг байсан. УИХ-д суугаад өөрийн санал санаачилгаа тусгасан хуулиуд дээр ажиллаж чадсан уу?
 

-Анх орж ирээд хамгийн түрүүн СӨХ-ийн хуулийг санаачлан боловсруулж эхэлсэн. Гэвч гишүүд давхар СӨХ-ийн хууль боловсруулж байгаа гэхээр нь энэ асуудлыг орхисон. Үүний дараа Татварын ерөнхий хууль, Зөвшөөрлийн хууль, Мэргэжлийн хяналтын тухай хуулийд дээр ажилласан. Мөн мөнгөний бодлого, инфляци, төсвийн төслүүд дээр ажилласан. Мэргэжлийн бус ч гэлээ Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Өнөөдөр гэхэд л Худалдааны тухай хуульд худалдааг хөнгөвчлөх талын асуудлуудыг шингээж өглөө.
Гишүүн болохоос өмнө их олон мэдэгдэл гаргасан. Жагсааж бичээд л шийдвэр гаргах төвшинд хүргүүлдэг байсан.  2009 онд хямралаас гарахын тулд ийм ийм арга хэмжээ авах хэрэгтэй гээд л мэдэгдэл энэ тэр гаргаад УИХ-ын холбогдох хүмүүст хүргүүлж байсан.  Тухай тухайн үедээ хэрэгжиж байсан. Гэхдээ энд орж ирээд бас нэг зүйл анзаарсан. УИХ-ын гишүүдэд өдөр тутам маш олон бичиг ирдэг. Ширээ дүүрэн цаас. Тэр дундаас зөвхөн минийх илгээсэн бичгийг уншина гэдэг эргэлзээтэй.  Миний санал санаачилгууд ч бас энэ маягаар дарагддаг байсан байх гэж бодсон.


-Таны зүгээс мөнгөний бодлогод нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан. УИХ-д суугаад үүн дээр ажиллаж чадав уу?


 -УИХ-ын гишүүн болоод Эдийн засгийн байнгын хороонд орсон. Мөнгөн бодлогыг гурван жил хариуцаж ажиллаа. Валютын ханшийг сул хаячихдаг байсныг болиулсан. Бодит секторыг золиосонд гаргаад мөнгөний бодлогыг хатууруулдгийг зогсоолоо. Мөнгө хэвлээд байгааг хэсэг хүмүүс шүүмжилдэг. Инфляцийг яаж багасах вэ, гэхээр бас янз янзын тайлбар хэлдэг. Мөнгөний бодлого зөвхөн классик утгаараа сурах бичгийн хүрээнд байдгаараа явдаггүй шүү дээ. Бодит сектортойгоо Засгийн газар нь ажиллаж байж инфляци гэдэг үндсэн зорилгоо тогтвортой барьж чаддаг. Үүнийг УИХ-ын гишүүдэд ч ойлгуулсан. Төв банкныхантай ч их ярилцсан. Төсвийн бодлогыг сүүлийн 10 жилээр харахад дандаа сонгуулийн жилүүдэд алдагдалтай гардаг. Сонгуулийн цикл эдийн засагт нөлөөлдөг. Энэ сонин зүйл бол тойргоос сонгогддог гишүүдтэй холбогддог. 2016 оны Төсвийг батлахад гурван тэнцвэр гэж ярьсаар байгаад л төсвийг хасах тэмдэгтэй л баталчихсан. Гурван тэнцвэрийн нэг нь төсвийг алдагдалгүй батлах тэнцвэр шүү дээ. Мөнгөний бодлого төсвийн бодлого хоёр уялдахгүй байгаа юм. Төсөв алдагдалтай батлах нь эцсийн эцэст хэнд хортой байна гэхээр иргэдэд л хортой. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжээр дамжаад зах зээлд нөлөөлөөд иргэдэд хортой болчихож байгаа. Үүнийг судлаад үзэхээр улс төр хамгийн их ордог. 48 гишүүн л үүнийг сонирхож байгаа. Жагсаалтын 28 бол сонирхохгүй. Хоёр намаас байгуулагдсан ажлын хэсэг байгуулагдаад харилцан буулт хийгээд тойргуудад хуваарилалт хийчихэж байгаа юм. Төсвөө алдагдалтай батлаад л байх юм бол эдийн засгаа сэргээж чадахгүй.Төсвийн бодлогод тойргийн сонирхлыг оруулдаг хууль эрх зүйн орчин байсаар байна. Үүнийг болиулах хэрэгтэй.
 

-Ярилцсан танд баярлалаа.