m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.25 06:58
165
Цэргийн мэргэжлийн бэлтгэлийн сургалтын нээлт боллоо

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн 2016 оны “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтын нээлт БХИС-ийн сургалтын төвд болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлагууд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд Засгийн газрын 2014 оны 40 дүгээр тогтоолоор “Оюутан-цэрэг хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа юм.

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. 2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэж, энэ жил нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймагт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд тус хөтөлбөрт хамрагдах өргөн боломжийг олгож байгаагаараа онцлог юм.