m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 03:29
110
Хөвсгөлийн халдлага давтагдахгүй гэх баталгаа бий юу

"Миний дэмжсэн нэр дэвшигчийн эсрэг ажиллалаа, чи хэн бэ" гэх аймшигт хашгираан өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан түүхийг бид мартах учиргүй. Хөвсгөлд аймагт нэр дэвшсэн өдгөө ч дэвшээд буй Л.Мөнхбаатарын сурталчилгааг хийсэн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Sky” телевизийн захирал Б.Ганзориг нэр дэвшигч Л.Мөнхбаатарыг сонгуульд өвдөг шороодсоны бурууг ажилчдаасаа боллоо хэмээн уурсч, таван сэтгүүлч, дөрвөн зураглаачаа барьж зодсон байдаг. Үүнээс хоёр зураглаач нь тархиндаа хүнд гэмтэл авч, тархины яс нь цуурсан эмгэнэлт явдал гарч байв.

Өнгөрснийг мартах ёсгүй. Түүх давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Ууртай, мөнгөтэй нэр дэвшигчид өвдөг шороодсоныхоо хор шарыг сонгуулийн дараа сэтгүүлчдээр тайлахаас сэрэмжлэх үүднээс ямар арга хэмжээг хэн, хаанаас авч байна вэ? Сонгуультай холбоотойгоор сэтгүүлчдийг урьдчилан хамгаалах тусгайлан заасан хуулийн зохицуулалт байдаггүй. Хэрэг явдал гарсны дараа иргэний болон эрүүгийн хуулиар л асуудлыг шийдвэрлэнэ. Нэг ёсондоо ниргэсэн хойно нь хашгирдаг зохицуулалттай. Сонгуульд нэр дэвшигчдийн сайн, муу бүхнийг сонгогч түмэнд хүргэх үүргийг сэтгүүлчид л хүлээдэг. Үнэндээ нэр дэвшигчдээс илүү ачааны хүндийг сэтгүүлчид үүрдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Энэ жилийн хувьд олон талаараа онцлог сонгууль болж буй. Намууд өөрсдийн гарах тойргоо зураад, хуваагаад авчихсан. Дээрээс нь сонгуулийн сурталчилгааны хугацаа ахархан. Үүнээс гадна бие даан нэр дэвшигчид өмнөх жилүүдээс их байгаа учир хэн нь хэн бэ гэдгийг ялгах завдал өгч амжих үгүйтэй, ийм л шахуу сонгууль болно.

Зуун чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэгчээр гурван мянга гаруй нэр дэвшигчээс хэдхэн нь азын шоо атгаж, зорьсон сэнтийдээ тухална. Харин унасан бөхөд шалтаг мундахгүй гэдгээр унагаасан буруутан нь сэтгүүлчид болж, нэр дэвшигчдийн, тэдний гар хөл бологсдын багтаж ядсан уур омог, гэмт үйлдлийнх нь золиос болох магадлал өндөр байна.

Ялсан нь ялалтаа тэмдэглэж, ялагдсан нь гутралаа тайлж хаа сайгүй хундага сөгнөнө. Энэ бол хэвийн үзэгдэл. Урьд урьдын түүх ч ийм. Мансуурсан, ялангуяа бухимдсан, гутарсан хүнээс ямар авир гарахыг хэн ч таашгүй.

Энэ бүхнээс сэрэмжлэх сэргийлэх үүднээс хүчний болон холбогдох бусад байгууллагууд эртнээс анхаарал хандуулж, уриалга, сануулга гаргаж болохгүй гэж үү? Сонгуульд ялагдсан шалтгаан нь сэтгүүлчид биш сонгогчид байсан гэдгийг ухаараагүй Л.Мөнхбаатарын төлөө ажилласан Б.Ганзоригтонгууд дахиад хэд байгаа, хэд нь гарч ирэхийг хэлж мэдэхгүй. Тиймээс сонгуулийн үеэр болон дараа нь сэтгүүлчдийг гэмт халдлагад өртөхөөс сэргийлэх, хууль хүчний болон хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай байна. Сэтгүүлчид сонгуульд ялагдсан улстөрчийн, тэдний харцаар хөдлөгсдийн, тэдэнд зусардагсдын уураа гаргах “мишок” биш гэдгийг хаана, хаанаа ухамсарлаж, ухамсарлуулах ёстой.

Д.Лхагва