m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 07:58
148
МАН-ынхан авсан зээлээ ард түмнээр төлүүлэх гэж байна

УИХ-ын сонгуульд МАН Монгол Улсын иргэн бүрийг өртэй гэж дэлхий нийтэд сурталчилж байна. Тэр хэрээрээ Монголын иргэн бүрийг өртэй болгохыг завдаж байна. Өр, зээлийн ялгааг МАН-ын гишүүд андахгүй. Банкнаас хүн өр авъя гэж очдоггүй гэдгийг тэд мэдэж байгаа. Тэгсэн атлаа Монгол Улсын Засгийн газар, арилжааны банк, Монголбанкны авсан зээл бүрийг өр болсон мэтээр сурталдаж байна. Үнэн хэрэгтээ Чингис бондоос хамгийн их санхүүжилт авсан нь МАН-ын гишүүд. Тухайлбал, МАН-ын С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, Сү.Батболд нарын хувь эзэмшдэг компаниуд Чингис бондоос их хэмжээний санхүүжилт авсан. МАН-ын Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарын “Эм Си Эс” компани 385 тэрбум,  Н.Номтойбаярын “МАК цемент” компани 110 тэрбум, Ц.Гарамжав-ын “Монполимет” компани авсан 122 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Чингис бондоос авсан. Энэ зээлээ төлөхгүйгээр өр болгож ард түмнээр төлүүлэх санаархал МАН-д байгаа юм биш биз.

Ингэж хардах үндэслэл бий. МАН эрх барьж байхдаа “Хадгаламж зээлийн хоршоо”-ны хэрэг гэгчийг мандуулж, хэдэн мянган хохирогчдийн мөнгийг төрөөр төлүүлж байсан. Энэ дундаас МАН-ын нэр бүхий гишүүд завшиж үлдсэн түүх бий.

Чөлөөт зах зээлийн нийгэмд МАН бодлогоороо ХЗХ гэгчийг зохиож, бас зохиомлоор дампууруулж иргэдээ хохироосон талаар улс төр судлаачид, эдийн засагчид ярьдаг. МАН УИХ-д 72 суудалтай байсан 2000-2004 онд хэдэн мянган ХЗХ хэрхэн байгуулагдаж, эзэд нь намын санхүүжүүлэгчид болсон, 2006 онд төрийн оролцоотойгоор дампуурсан баримтыг тухайн үеийн баримтаар нэхэн сануулъя.

ХЗХ-Д ИРГЭД МӨНГӨӨ ХАДГАЛУУЛЖ, УЛСТӨРЧИД ЗЭЭЛЖ БАЙВ

Монголчууд Солонгост олноороо ажил хийж, нутаг руугаа цалингаа гуйвуулж байсан 2002 онд МАН-ынхан Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай” бүлэг нэмсэн байдаг. Хууль батлагдсанаас арав хоногийн дараа 269 ХЗХ байгуулагдаж, өндөр хүүтэй хадгаламжийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлэв. Төр ч ХЗХ-ыг бодлогоороо дэмжиж байгаагаа удаа дараа мэдэгдэж, хурал чуулганыг байнга шахам зохион байгуулж байлаа. Иргэд ч байр сууцаа зарж, олсон мөнгөө өндөр хүүтэй хадгалуулахаар ХЗХ руу гүйцгээдэг боллоо. Ингэсээр 2006 он гэхэд мянга шахам ХЗХ үйл ажиллагаа явуулж, 9000 шахам хадгаламж эзэмшигч 72 тэрбум гаруй төгрөгөө хадгалуулчихсан байсан гэдэг. Мөнгөө хадгалуулж байгаа нь гадаадад хар ажил хийдэг, цалингаа бариад очдог монголчууд байхад зээлдэгчид нь улстөрчид, тэдний гар хөл байсан талаар ХЗХ-ны эзэд өөрсдөө хэвлэлд ярьсан байдаг.

2004 оны сонгуулийн өмнө ХЗХ-нууд цадигаа алдаж, иргэдийн хадгалуулсан мөнгө цөөхөн хэдэн хүнд зээл хэлбэрээр оччихоод байгааг эрх баригчид хэлэлцсэн тухай ч мэдээлэл тухайн үеийн сонин хэвлэлд байна. Тухайлбал, 2004 оны хавар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар энэ талаар нам дотроо ярилцаж, хуулиа өөрчлөх шаардлага байгааг мэдэгдсэн гэдэг. Гэвч сонгууль дөхсөн гэдэг шалтгаанаар хав дараад өнгөрч байжээ.

ХЗХ-НЫ ЭЗЭД МАН-ЫН САНХҮҮЖҮҮЛЭГЧИД БОЛОВ

МАН-ынхны санаачилж, баталсан Хоршооны тухай хуулиар хэдэн зуугаараа нэмэгдсэн ХЗХ-ны эздийн олонх нь эрх баригч намд элсч, хандивлагч болсон баримт тухайн үеийн сонинуудад байна. Тухайлбал, “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны захирал Ц.Түмэнгэрэл (намынхаа гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсаны аминд хүрч, цаазын ял сонссон) ХЗХ байгуулах үеэсээ МАН-д элсч, хоёр удаа МАН-аас Нийслэлийн ИТХ-д гишүүнээр сонгогдсон. “Глоб кредит” ХЗХ-ны захирал Ж.Мэндбаяр гэхэд намдаа 10 сая төгрөг хандивлаж байснаа нуудаггүй.

Үүнээс гадна ХЗХ олноороо дампуурсан шуугианы үеэр МАН-ын нөлөө бүхий улстөрчид их хэмжээний зээл авсан, тэр баримт нь алга болсон талаар хэвлэлүүд мэдээлж байлаа.

Мөн МАН-аас зохион байгуулсан хүлээн авалт, урлагийн тоглолт гээд бүхий л арга хэмжээг ХЗХ-нууд ивээн тэтгэдэг байсан талаарх баримтууд байна. Нөхөн сонгуульд гэхэд ХЗХ-ны эздээс мөнгө авч, намын санхүүжилт хийсэн гэдэг мэдээлэл байгаа. “Глоб кредит” ХЗХ-ны захирал Ж.Мэндбаяр суллагдсаныхаа дараа “Тухайн үеийн эрх баригчдад би хөрөнгөө яаж булаалгасан, тэр янзаараа олж авна” гэж бухимдлаа илэрхийлж байлаа.

ХОХИРОГЧДЫН МӨНГИЙГ ТӨР БАРАГДУУЛАВ

ХЗХ-ны хэрэг мандахад эзэд нь хөрөнгөө зараад хохирлыг барагдуулъя гэж байв. Гэвч тухайн үед хоршоодын бүх хөрөнгийг хураан авч, эздийг нь шоронд илгээсэн. 67 хүн ХЗХ-ны хэргээр ял эдэлсэн юм. Нөгөө талд нь 8301 хохирогч бий. Тэдний 2000 гаруйнх нь хохирлыг төр барагдуулсан. Өөрөөр хэлбэл, нийт хохирлын 50 хувийг төр татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулсан.

Энэ үйл явдал ирэх дөрвөн жилд давтагдахыг МАН зөгнөөд байх шиг байна. Гэхдээ сонгогчид мэргэн. Тэд МАН-ын олгархиудын өрийг төлөх гэж МАН-ыг сонгохгүй нь ойлгомжтой.

Ардчилсан намын сонгуулийн төв штаб