m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.26 09:37
111
Д.Зоригт Япон явуулах нэрээр мөнгө тарааж байгаа ноцтой баримт цацагдлаа

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Зоригт тойргийнхоо сонгогчдыг Япон явуулна хэмээн мөнгө тарааж байгаа бичлэг цацагдлаа. Энэ хууль бус үйл ажиллагааны талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдэгдэв.

АН-ын дарга З.Энхболд 100.000 дадлагажигч Японд гаргана хэмээн мэдэгдсэн нь иргэдийг төөрөгдүүлж байгаа. Хэдийгээр Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргаж, тийм асуудал байхгүй гэсэн ч эрх баригчдын ганц хөзөр болж сонгогчдын толгойг эргүүлсээр байна. Үүнийг УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Зоригт хамгийн овжноор ашиглаж, хамаатан саднаараа дамжуулан мөнгө тарааж байгаа нь бодит баримтаар илчлэгдлээ. Энэ асуудал нь Сонгуулийн хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж буй учир Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулахаар өгсөн гэдгээ Д.Амарбаясгалан хэллээ.Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8-д "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор .......ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах" үйлдэл, үйл ажиллагааг хориглосон байдаг.

Энэ тухай тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын хуулийн зөвлөх Р.Очирбал хэлэхдээ" Сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор өөрийн хамаатан садны сүлжээгээ хууль бусаар ашиглан тэдгээрт шан харамж өгсөн бичлэг байна. Бичлэгт дурдаж буйгаар энэ эмэгтэйн ээжид нь 500.000 өөрт нь 50.000 хүүхдүүд тус бүрд нь 20.000 төгрөг өгсөн байна. Цаана нь хамаатан садан нь ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-д заасан "Сонгогчдод эд, мөнгө тараах"”-ыг хориглосон хуулийн ноцтой зөрчил юм.

Уг эмэгтэй Д.Зоригт гишүүний нэр дэвшиж байгаа хороонд амьдардаг, өөрөө сонгогч. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-ийг зөрчсөн үйлдэл. Хоёрдугаарт, хамаатан садныхаа сүлжээг ашиглаж, хэрвээ Д.Зоригт гишүүн ялах юм бол хамгийн түрүүнд регистрийн дугаараар нь Япон явуулна гэсэн амлалт өгч, ард иргэдийг бүртгэж байгаа. Ингэж амлалт өгөх нь сонгогчдын саналыг худалдан авч, гадаадад ажиллах хүчнээр зуучлахыг хориглоно гэсэн Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчиж байна. Бичлэгт дурдсанаар иймэрхүү сүлжээ олон газар ажиллаж байгаа нь тодорхой байна" гэв.

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб