m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 01:35
67
Өрөөр өр лүү өшиглөсөн эрх баригчид

Өр, зээл гэдэг өнгөрсөн дөрвөн жилд монголчуудын чихэнд хамгийн их хоногшсон үг болжээ. Улсаараа, ард олноороо өр зээлтэй учраас аргагүй биз ээ. Гэвч АН-аар овоглосон эрх баригчид өр зээлийг хэрхэн төлөх арга сүвэгчлэхийн оронд ард иргэдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Өрийг үр хойч маань төлчихнө биз” гэж чуулганы танхимаас хээвнэг хэлж, олны дургүйг хүргэж байсан удаатай. Хожим "Фортуна" Н.Батбаяр гишүүн өрийг өглөг болгох хууль санаачилж ард иргэдээр даажигнаж, тоглоом тохуу болгоод өнгөрсөн. Харин одоо АН-ын дарга З.Энхболд “Монгол Улс нэг ч төгрөгийн, нэг ч долларын өргүй” хэмээн нийтэд зарлаж байна.

Монгол Улс, монголчууд бид өртэй юу? Мэдээж өр ч бий, зээл ч бий. Сүүлийн 20 гаруй жилд аль ч Засгийн газарт олдоогүй ховор боломж буюу их мөнгөн дээр туйлах эрх мэдэл АН-ын засагт олдсон. 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, дөрвөн их наяд төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, жилдээ долоон их наядаар хэмжигдэх төсөв гэх мэт их хэмжээний мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх мэдэл гагцхүү энэ засагт байлаа. Харамсалтай нь эрх баригчдын алдаатай бодлогын уршгаар 2011 онд 17.3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2016 онд ердөө 0.1 хувьд хүрэх урьдчилсан таамаг гарч байна. Алга урвуулахын дайтай өөрчлөгдсөн энэхүү үзүүлэлт эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, улсаа өрийн ангал руу оруулж, ард иргэдээ өр зээлийн сүлжээнд амьдрууллаа. Эдүгээ 971 мянган иргэн 6.5 их наяд төгрөгийнзээлтэй байна. Үүнээс 216 мянган ахмад настан тэтгэврийн, 75 мянган иргэн ипотекийн, 82 мянган малчин малчны, 214 мянган иргэн арилжааны зээлтэй гэсэн судалгааны дүн гарчээ. Эдийн засаг дордоогүй, амьдрал хэвийн үргэлжилж байсан бол иргэд ийм олноороо зээл авч, зээл, хүүний дарамтад орох байсан гэж үү? Сүүлийн 20 жилд анх удаа эдийн засагт ийм цул мөнгө бүхлээрээ орж ирж байхад тэр нь яагаад ард иргэдийн амьдралд наалдсангүй вэ. Яагаад иргэд цалингаас цалингийн хооронд, өр зээлийн сүлжээнд оров оо гэж асуумаар олон асуулт гарч ирж байна.

Манай улс 2016 онд 2.6 их наяд төгрөгийг гадаад, дотоод зээлийн хүү, үндсэн төлбөрт төлөхөөр байна. Үүнээс зөвхөн зээлийн хүүнд 947.5 тэрбум төгрөг төсвөөс төлөхөөр байгаа нь 2011 онтой харьцуулахад 25 дахин их үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бодлогын алдаа гаргаагүй бол улсаараа ийм зээл, хүүний дарамтад орох байсан гэж үү? Зээлийн хүүнд өгч буй энэ их мөнгийг хүний нүдэнд харагдах эд зүйлтэй харьцуулбал, төрийн албан хаагчдын цалинг 400 гаруй мянган төгрөгөөр нэмэх, эсвэл 1000 цэцэрлэг барих мөнгөтэй тэнцэнэ.

Өр зээлийг хэчнээн гоё үгээр орлуулавч, өргүй гэж хэчнээн сурталчлавч амьдрал сайжрахгүй, өр зээлийн хэмжээ багасахгүй. Тэгэхээр өр зээлийг яаж дарах вэ, ард иргэддээ дарамт учруулахгүйгээр яаж амьдруулах вэ гэдэг бодлогын өрсөлдөөн явуулах ёстой баймаар. АН-ын тавьсан өрийг ард түмэн төлөхгүй. Харин буруу бодлого хэрэгжүүлж, өр зээлд оруулсан эрх баригчид л хариуцлагыг үүрэх ёстой.

С.НЭМЭХ

Монгол Ардын намын сонгуулийн төв штаб