m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 02:57
113
Л.Эрхэмбаяр: МАН-ын гишүүдийг хууль хяналтын бүх байгууллагад шалгуулна

 МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежер Э.Эрдэнэжамъян МАН-ын нэр бүхий гишүүдийн албан тушаалыг үнэлж буй тухай яриаг олон нийтэд дэлгэсэн. Тэгвэл Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тус бичлэгт ярьсан МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарыг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурорын газарт хандлаа.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлэхдээ "МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын тус намын удирдах албан тушаалтнуудын хооронд ярьсан төрийн албыг худалдах, ашиг олох зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян энэ сарын 24-ний өдөр олон нийтэд ил болгосон. Уг бичлэг нь Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй. Тийм учраас энэ асуудлыг шалгаж үнэн зөвийг олоосой гэж УЕПГ, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагад хандаж байна" гэв. 

Шалгуулах хүсэлтээ УЕПГ-ын  Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатад хүлээлгэн өгсөн юм. Э.Амарбат  "Ардчилсан намын даргын гарын үсэгтэй мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг гардуулж өгч байна. Авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгаж өгөөч гэж байгаа бололтой юм байна. Уг нь АТГ-т хандаад шалгуулах ёстой. Гэхдээ Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үндсэн үүрэгтэй учир энэ мэдээллийг хүлээж авлаа. Хуулийн дагуу 14 хоногийн хугацаанд гомдлыг шийдвэрлэж, хариуг илгээнэ" гэлээ.