m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.27 07:18
88
Бондын мөнгөөр худалдаж авсан 3D виртуал дэлгэц ухаалаг худалдааг хөгжүүлнэ

“Аминарайсин” компанийн  ерөнхий менежер Д.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Бондоос санхүүжилт аваад Монголд анх удаа 3D виртуал дэлгэц оруулж ирсэн гэж сонслоо. Оёдлын үйлдвэрт яг яаж ашиглана гэсэн үг вэ?

-Манай компани оёдлын салбарт эмэгтэй болон хүүхдийн бэлэн хувцасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Чингис бондын жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой санхүүжилтээс 400 сая төгрөгийн  зээл авч,  тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Хамгийн сүүлийн үеийн технологи оруулж ирлээ. Эрэлтэд тулгуурласан үйлдвэрлэлд хэрэглэдэг тоног төхөөрөмж байгаа юм. 3D виртуал дэлгэц л дээ. 3D хэмжээсээр хүний биеийн хэмжээсийг бүртгэж аваад, оёдлын үйлдвэрийн загвар зохион бүтээх, эсгүүрийн ажлаа дижитачлагдсан тоон хэлбэрт шилжүүлэх тоног төхөөрөмж.

3D хэмжээсээр хүний биеийн хэмжээсийг бүртгэж аваад, оёдлын үйлдвэрийн загвар зохион бүтээх, эсгүүрийн ажлаа хийнэ

-Эрэлтэд тулгуурласан үйлдвэрлэл гэдгээ тодруулж тайлбарлана уу?

-Үйлдвэрлэлийн хамгийн ашигтай салбар болох захиалгын үйлдвэрийг хэлээд байгаа юм. Бид массын хувцас үйлдвэрлэдэггүй. 

-Оруулж ирсэн технологио энгийнээр тайлбарлавал...?

-Манай компанийн оруулж ирсэн дэлгэц худалдааны зориулалттай. Ухаалаг худалдаа гэсэн үг л дээ. Тухайн дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт байршуулчих юм. Тэгээд тухайн бараа бүтээгдэхүүнийг өөрийнхөө бие дээр харах боломжтой. Өнгө, загварын зохицлыг харах боломж нээгдэнэ гэсэн үг.

Биеийн хэмжээсийн хэмжилт гэж байдаг. Тийм хэмжилтийг 7-15 секундэд хийж, 1-2 минутанд бүтэн боловсруулалт хийнэ. Кабинд ороод  3D хэмжээсээр биеийнхээ гадаргуугийн хэмжээг өгчих юм. Тэр өгөгдлийг оёдлын үйлдвэрт загвар зохион бүтээхэд ашигладаг. Хүний биеийн гадаргууг хэмжихэд цаг хугацаа хэмнэж байгаа гэсэн үг. Хэмжилтийн алдаа гэж алга болно. Үйлдвэртэйгээ маш хурдан хугацаанд холбогдоод тухайн хүний захиалгыг түргэн хугацаанд хийж гүйцэтгэх юм.

-Энэ дэлгэцээ хаанаас оруулж ирсэн бэ?

-Макаогоос оруулж ирсэн. Ухаалаг худалдааг нэвтрүүлэх зорилгоор оруулж ирсэн төхөөрөмж байгаа юм. Энэ дэлгэц одоогоор  Хятад, Орост ч байхгүй. Анх удаа нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлогтой. Ирээдүйд хэрэглээ болох дэлгэц л дээ.

 

Ц.Түвшин