m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 08:37
59
Өнөөдрийн онцлох үйл явдал

Сонгуулийг 50 гаруй улсын 450 ажиглагч ажиглана

2016 оны УИХ болон орон нутгийн ээлжит сонгууль маргааш болно. Тэгвэл СЕХ болон холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн" Монгол Улсын иргэд сонгогчид маргааш буюу 2016 оны зургаадугаар сарын 29-ний өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж төрийн эрх барих төлөөллийн байгууллагаа сонгох гэж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг амжилттай зохион байгуулж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болгоод байна.Энэ удаагийн сонгуулиар аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагджээ. Эдгээр сонгуулийн хороонд төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийн санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох гарах гарцыг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэгтэй хавтас хэвлүүллээ. УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ аваад байна. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжлах эрхээ аваад байна. 

Ерөнхийлөгч 11.30 цагт саналаа өгнө

УИХ-ын сонгуулийн санал хураалт улс орон даяар маргааш 07.00 цагаас эхэлж, 22.00 цагт дуусгавар болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх юм байна.Онцлоход, 2016 оны УИХ-ын сонгуульд 12 нам, гурван эсвэл, 69 бие даагч нийт 496 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгууль жижиг 76 тойргоор зохион байгуулагдаж буй. Улсын хэмжээнд 2 сая гаруй иргэн саналаа өгөхөөр байгаа.

Зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр /2016.06.28-ны мягмар гаригт/  зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах юм. Энэхүү санал авах ажиллагаа 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ. Хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм.