m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 13:13
87
Ч.Сайханбилэг: Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын мэдэлд ирнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар өнөөдөр орой (2016.6.28) мэдээлэл хийж, нэгэн сайн мэдээ дуулгалаа. Энэ тухай сонгуулийн дараа, улс төржилтгүй үед мэдээлэхээр төлөвлөж байсан ч сонгуулийн дуулианаар зарим улстөрч саар мэдээ болгож эхэлсэн учраас байр сууриа илэрхийлж байна гэлээ. 

Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын   үйлдвэр болж байгаа гэдгийг Ерөнхий сайдын хувьд албан ёсоор зарлаж байна. Энэ тухай ОХУ-ын Интерфакс мэдээллийн агентлаг өнөөдөр мөн зарласан.

Монгол Улс  Эрдэнэт үйлдвэрийн 51, ОХУ-ын Ростех корпораци 49 хувийг эзэмшиж ирсэн. ОХУ-ын Ростехтэй хийсэн хэлцлийн  үр дүнд Монгол Улс цаашид Эрдэнэтийн 51 хувиа эзэмшиж, Монголын компани  49 хувийг нь эзэмших болж байна. Манай талаас Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани 49 хувийг нь эзэмших юм.

Ингэснээр Эрдэнэт үйлдвэр олон улсын гэрээ хэлэлцээрээр  зохицуулагдддаг хамтарсан үйлдвэрийн статустай байсан бол одоо манай улсын Компанийн тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний аж ахуйн нэгж болно.

Өмнө нь бид төрийн эзэмшлийн 51 хувийнхаа ногдол ашгийг Монголдоо авч үлддэг, 49-ийн ногдол ашиг ОХУ-ын Ростех компанид шилждэг байсан бол цаашид Эрдэнэтийн ногдол ашиг 100 хувь Монгол Улсдаа үлдэх болж байна.

Энэ өөрчлөлттэй холбогдуулан асуудлын мөн чанарыг мушгин гуйвуулсан буруу зөрүү мэдээлэл гаргах вий гэдгээс болгоомжилж Ерөнхий сайдын хувиар дараах байр суурийг илэрхийлж байна гэлээ.

  1. Эрдэнэт үйлдвэрийг дагасан нийгмийн бүх байгууламж Монгол Улсын мэдэлд шилжиж ирнэ. Эдгээр байгууламжийн зориулалт өөрчлөгдөхгүй гэдгийг Засгийн газар мэдэгдэж байна. Эзэмшигч өөрчлөгдөж буйтай холбоотойгоор тус үйлдвэрийн ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Монросцветмет хамтарсан үйлдвэр мөн ижил зарчмаар Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байна. Данс хаасан, тамга тэмдэг хураасан зүйл байхгүй. Цаашид ч хэвийн ажиллана.
  2. 2016 оны зургадугаар сарын 30-наас хэлэлцэн тохирсон хоёр тал албан ёсоор байр сууриа илэрхийлж мэдэгдлүүдээ гаргаж эхэлнэ.
  3. Энэ асуудлыг ОХУ-ын талын хамгийн өндөр түвшинд шийдвэрлэсэн.
  4. Ростех энэ хэлцлийг хийнэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн баримт бичигт Монголын Засгийн газар болон аль нэг улсын Засгийн газар, аль нэг гуравдагч этгээдэд 49 хувиа зарахгүй гэж байр сууриа илэрхийлсэн тул Монгол Улсын Засгийн газар Эрдэнэтийг 100 хувь үндэснийх байлгахын  тулд Ростех болон Монголын компанийн саналыг зөвшөөрөхөө илэрхийлсэн.  
  5. Хэн нэг гуравдагч этгээдийг энд оролцохыг хориглосон гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Санхүүгийн болон элдэв төлбөр тооцооны асуудалд оролцохгүй.
  6. Монгол Улсын компани өөрийнхөө 49 хувийг зарах тохиолдолд зөвхөн Монгол Улсын Засгийн газарт эхний ээлжинд зарна
  7. Энэ хэлэлцээ дуусах үед  Монгол Улсын Засгийн газар энэ тухай асуудлыг УИХ-д танилцуулах болно.

Ийнхүү үе үеийн Засгийн газар, монголчуудын хүсч тэмүүлж байсан энэ асуудал биелэх боломжтой болж байна.  Их өрийн асуудлыг бид эцэслэн шийдвэрлэж чадсан, зээлийн хамгийн сүүлийн үлдэгдэл төлбөрийг манай Засгийн газар төлж барагдуулсан. Эрдэнэт үйлдвэр Монголын үндэсний үйлдвэр болж байна. 

 

Эцэст нь улс үндэсний эрх ашиг, гадаад бодлого,  батлан хамгаалах бодлогоороо монголчууд бид нам харгалзахгүй нэг бодлоготой байх ёстой гэдгийг Ерөнхий сайдын хувьд сануулж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.