m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 08:24
74
Өнөөдрийн онцлох үйл явдал

МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж чадлаа

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнг эцсийн байдлаар танилцууллаа. Энэ жилийн сонгуульд нийт сонгогчдын 72.1 хувьтай саналаа өгчээ. Энэ жилийн сонгуулийн дүн өмнөх сонгуулиас нэмэгдсэн дүнтэй гарсан байна. Орон нутагт 75.5 хувьтай ирцтэй байсан бол 68 хувьтай санал өгсөн дүн гарчээ. УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, есөн суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал, бие дааж өрсөлдсөн МУГЖ С.Жавхлан нэг суудал авлаа. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулж сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх түр үнэмлэх олгох асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэх болно гэж мэдэгдлээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлдэг юм. 

НИТХ-ын 34 суудлыг МАН, 11 суудлыг АН авлаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН олонхи болсон байна. Нийт 45 суудлын 34-ийг нь МАН, 11 суудлыг Ардчилсан намаас нэр дэвшигчид авчээ.

Аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 93 хувиар ялалт байгуулжээ

Аймгийн сонгуулийн хорооноос 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцууллаа. УИХ, аймгийн ИТХ-ын сонгуульд санал өгөх 72.321 сонгогч тус аймагт бүртгэгдэж 74.91 хувийн ирцтэйгээр сонгуульд оролцжээ.Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн 41 суудалд гурван намын 87 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 38 суудлыг МАН, гурван суудлыг АН авчээ. Харин УИХ-д гурван мандатын төлөө 16  хүн нэр дэвшсэнээс 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар, 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг  ялалт байгуулжээ. 
 

Г.Уянга: Сонгуулийн санал хураалтын үр дүнд сэтгэл хангалуун байна

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санар хураалт өчигдөр болж МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэгвэл Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс сонгуулийн үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус эвслийн дарга Г.Уянга энэ үеэр ”Манай эвсэл хоёрхон сарын настай мөртлөө энэ удаагийн сонгуульд маш амжилттай оролцлоо.Чамгүй амжилт үзүүлсэн төдийгүй сонгуулийн санал хураалтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Цаашид бид зөв үзэл сурталтай нам, эвсэлтэй хамтран ажиллах болно”гэлээ.

Э.Бат-Үүл: МАН-аас бор халзан хонь ч сонгогдохоор ийм сонгууль болсон

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр “НИТХ-ын сонгуулийн дүн гарч Нийслэлийн Ардчилсан нам 11 суудал, МАН үнэмлэхгүй ялалт байгуулжээ. Юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороо маш зохион байгуулалттай ажилсанд талархал илэрхийлж байна. Дараа нь биднийг дэмжсэн сонгогчиддоо талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэл хотод ид шидтэй мэт бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна. Нийслэлийн амьдрал өөр болсон гэдэгт санал нэгтэй байгаа байх.Иргэдийн зүгээс дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон байх гэж найдаж байна. Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ энэ сонгуулиар бүтээн байгуулалтаас илүү харлуулсан хүнийг олон түмэн дэмжлээ. Утга учиргүй хүнийг гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж бодлог гэдгийг харууллаа” гээд МАН-ынхан НИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрч, "МАН-аас бор халзан хонь ч сонгогдохоор ийм сонгууль болсон" гэв.