m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 08:30
86
Өнөөдрийн онцлох үйл явдал

Ялалт байгуулсан нэр дэвшигчид түр үнэмлэхээ гардлаа

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр  УИХ-ын 76 шинэ гишүүнд түр үнэмлэхийг нь гардуулж өглөө. Тэрбээр "Шинээр сонгогдсон гишүүдийн түр үнэмлэхийг гардуулж дууслаа.  Одоо СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчид та бүхний нэрсийг айлтгана. Амжилт хүсье" гэлээ. Энэ үеэр түр үнэмлэхээ гардсан нэр дэвшигчдийн сэтгэгдлийг сонслоо. 

О.Баасанхүү: АН-ыг хамгаална

МАХН-аас нэр дэвшиж сонгогдсоны хувьд намын дуу хоолойг хүргэнэ.  Ардчилалд аюул учирсан. Энэ нь АН-ын лидер гэгдэх зарим этгээдүүдийн хоорондын зөрчлөөс хамаарч байна.  Сонгуулийн үеэр иргэдийн санал их савлалаа. Тиймээс ардчиллалыг хамгаалахын төлөө тууштай явна. Ардчилсан намыг хамгаална гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Харин МАН-ыг зөвд нь дэмжиж, бурууг нь шүүмжилж ажиллана.

А.Сүхбат: Төрийг дампуурлаас гаргана

Бид юуны түрүүнд төрийг дампуурлаас гаргана. Мэдээж ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Ер нь  ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Тиймээс хэцүү  цаг үеийг яаж давах талаар тодорхой ажлуудыг хийх болов уу.

Д.Эрдэнэбат: Бид МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна

Ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авлаа. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт ялалт байгуулсан Д.Эрдэнэбат ”Үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригчдад нэг зүйлийг дахин сануулмаар байна. Ард түмний 50 хувь нь биднийг дэмжиж байгаа гэдгийг өдөр бүр санаарай. Мөн АН УИХ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулна. Тиймээс бүлэг маргаашнаас МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна” гэлээ. 

Анхдугаар чуулган ирэх мягмар гаригт хуралдаж, 76 нэр дэвшигч тангараг өргөнө

Ард түмний итгэлийг хүлээж, ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардлаа. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдээс 65, Ардчилсан намаас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг ялалт байгуулсан юм. Тэдэнд түр үнэмлэх гардуулж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрсийг нь өргөн барив. Тэгвэл УИХ-ын анхдугаар чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан байна. Эл өдөр гишүүний түр үнэмлэх аваад буй 76 нэр дэвшигч тангараг өргөснөөр ард түмний төлөөлөл болж УИХ-д дөрвөн жил ажиллах эрх нь баталгаажина. 

Х.Баттулга, Д.Ганбат нар гомдол гаргалаа

УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрогт Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга, наймдугаар тойрогт нэр дэвшсэн Д.Ганбат нар Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр гомдол гаргалаа. Тодруулбал, тэд сонгогчдын шилжилт хөдөлгөөн буюу "царцаа"-ны асуудлаар шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, түр үнэмлэхээ гардан аваад буй Л.Элдэв-Очир, М.Билэгт, Г.Занданшатар нарын түр үнэмлэхийг хүчингүй болгох хүсэлт гаргасан байна.

Орон сууцны үнэ мкв тутамдаа 100-350 мянган төгрөгөөр буурчээ

Орон сууцны мэдээлэл зөвлөгөөг иргэдэд нэг дороос хүргэх зорилготой ажилладаг Орон Сууцны Биржээс байр авахаар сонирхож буй иргэдэд зориулж “Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг"-ийн нээлт өнөөдөр боллоо. Иргэдэд зориулан байр авахад хэрэгтэй бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн хүргэж, орон сууц борлуулагчид болон худалдан авагчдыг холбох зорилгоор зохион байгуулагдаж уг өдөрлөг энэ сарын 1, 2-ны өдөр болох юм. Орон сууцны менежер Г.Наранхүү хэлэхдээ  "Орон сууцны биржээс энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Уг өдөрлөгт орон сууцны үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компани урамшуулал, хямдрал зарлан оролцож байгаа. Тухайлбал "Тавлаг" хотхоны хувьд төлбөрийг нөхцөлөөс хамаарч мкв-ын үнэ 980.000-1.650.000 төгрөгөөр худалдан авах боломжтой. "Sunny town" хотхоны хувьд хоёр өрөө байр авбал 10 сая, гурван өрөө байр авбал 20 сая төгрөгийн хямдрал зарласан.  Мөн "Tuul garden" хотхоны хувьд мкв-ын үнээ 250 мянган төгрөгөөр бууруулсан байна. Өдөрлөгт оролцогч компаниудын нэг мкв-ын үнэ дунджаар 100-350 мянган төгрөгөөр буурсан байна" гэлээ. 

Д.Амартүвшин "Чингис хаан" гранприд аваргаллаа

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн чансаа олгох "Чингис хаан Гранпри-2016" тэмцээн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин түрүүллээ. Алтан медалийн төлөө Д.Амартүвшин, Н.Сэр-Од нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байсан юм. Хоёр бөхийн барилдаан тэнцүүхэн үргэлжилж, Д.Амартүвшин торгуулиар ялалт байгууллаа. А хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө Д.Баярмагнайг ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө ОХУ-ын бөхийг ялаад байсан юм.