m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 22:19
1155
Нарны тос хэрэглэх нь ямар ач тустай вэ

Уншигч та өдөр тутамдаа  нарнаас хамгаалах тос хэрэглэдэг үү. Хэрэглэхийг хүссэн ч ямар тос сонгон хэрэглэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!

Арьсны хавдар үүсгэдэг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэсэн хоёр төрөл байдаг. Энэхүү хэт ягаан туяа нь дэлхийн цаг агаар, янз бүрийн бохирдлоос болж хүн төрөлхтөнд сөргөөр нөлөөлөх нь улам ихсэж байгаа билээ.

UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай. Эдгээр туяаны нөлөө тэр доор нь гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх гол шалтгаан энэхүү туяанаас болдог юм.

UVB (богино туяа) нь зуны улиралд ялангуяа өдөр идэвхтэй байдаг. Эдгээр туяанд түлэгдсэн арьсны шинж тэмдэг хоёр өдрийн дараа илэрдэг бөгөөд удаан хугацааны турш арилахгүй.

Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол өөрт тохирсон нарны тосыг зохистой хэрэглэх явдал

UVB арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг байна. Түүнчлэн арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймд нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол өөрт тохирсон нарны тосыг зохистой хэрэглэх явдал билээ.

SPF гэж ямар утгатай тэмдэглэгээ вэ?

Нарны тосон дээр байдаг SPF гэдэг нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйлийн тэмдэглэгээ юм. 

SPF15, SPF20, SPF30, SPF40, SPF50 – зэрэг арын тоонууд нь тухайн тос нарнаас арьсыг хэдэн цаг хамгаалахыг зааж өгдөг. Наранд гарснаас хойш эхний арван минутанд л арьс түлэгдэх эхний шатандаа орж эхэлдэг.

Нарны тосны хамгаалах хугацааг тодорхойлоход SPF15-ийн тоог нарны туяа үйлчлэх дундаж хугацаа болох 10 минутаар үржүүлж гаргана. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй. Монгол хүний хувьд хамгийн тохиромжтой нь SPF15-30, SPF/РА++ 30 гэсэн тэмдэглэгээтэй нь юм.

SPF-ээс гадна зарим тосон дээр РА гэсэн тэмдэглээ байдаг нь нарнаас хамгаалахаас гадна харлуулахгүй гэдгийг илэрхийлдэг.

Нарны хэт ягаан туяа нь хоёр төрөлтэй. UVA нь арьсны гүнд нөлөөлж хөгшрөлтийг нэмэгдүүлж, арьсыг амархан үрчлээтүүлдэг. Харин UVB нь арьсыг маш хурдан түлдэг нарны хэт ягаан туяа юм. Хоёулаа л арьсны хорт хавдрыг дагуулдаг.

PA+++ нь зөвхөн UVA туяанаас хамгаалдаг бол SPF нь UVA, UVB хоёр туяанаас хоёулангаас нь хамгаалдаг.