m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.06 11:11
130
Баялаг бүтээгчид бүртгэлийн нэгдсэн системтэй боллоо

  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит 14-р хурал болж хоёрдугаар улирлын ажлын гүйцэтгэлийг хэлэлцэхийн зэрэгцээ баялаг бүтээгчдийн нэгдсэн бүртгэлийн системийг танилцууллаа.  Цахим  бүртгэлийн системтэй болсноор ББДХ төрийн бус байгууллагуудаас анх удаа бүртгэлийн цогц системийг ашиглаж эхэлсэн шинэлэг үйл явдал боллоо. Ийнхүү ББДХ баялаг бүтээгч 100,000 гаруй дэмжигч гишүүдээ цахим бүртгэлд нэгтгэж эхэллээ.

      Түүнчлэн баялаг бүтээгчдийг дэмжих холбоо  өнгөрөгч гуравдугаар сард улс төрийн нам, эвслүүдэд баялаг бүтээгчдийг дэмжих бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгаж ажиллахыг албан ёсоор хүсч, хандаж  байсан. Үүний үр дүнд олонхи нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө баялаг бүтээгчдийг дэмжин ажиллах тухай тодорхой бүлэг ажлууд  багтаасан. Хурлын үеэр олон чухал ажлуудыг хэлэлцэн баталсны зэрэгцээ  ББДХ-ны  удирдах зөвлөлийн гишүүд  улс эх орны ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжин,  засгийн эрх баригчидтай  бодлогын түвшинд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байлаа.

ББДХ-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр

Манай холбооноос  2016.03.26-ны өдөр УИХ-ын ээлжит сонгуульд оролцох 13 нам, 1 эвсэлд мөрийн хөтөлбөртөө тусгах 29 төрлийн саналыг хүргүүлсэн. Бидний хүргүүлсэн саналаас олонхийг нь АН, МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Өчигдрөөс шинэ парламент албан ёсны эрхээ хэрэгжүүлээд эхэллээ. МАН-ын хувьд  Баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжиж, Монгол улсыг өрнөөс гаргаж, ажилгүйдэл, ядуурлыг багасгана гэх зэргээр олон заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тийм ч учраас дээрх саналуудыг ажил хэрэг болгож, шинэ засгийн газартай бодлогын түвшинд хамтран ажиллах талаар өнөөдрийн хурлаар хэлэлцэж байна.

ББДХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Э.Тогтуун

Бүртгэлийн системээ албан ёсоор нээж, өнөөдөр удирдах зөвлөлийн гишүүддээ танилцууллаа. Цаашлаад уг системээрээ дамжуулж баялаг бүтээгчдийнхээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг  борлуулах шинэ сувгаас гадна санхүүгийн системтэй холбогдож ажиллах зэргээр баялаг бүтээгчдээ программ хангамжаар хангах цогц ажлын эхлэл гэж хэлж болно.