m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.07 02:49
104
Тэргүүлэгч гишүүд, Хотын даргаа томиллоо.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн долоо дахь хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2016.07.06/ болж, ИТХ-ын дарга, Тэргүүлэгч гишүүд, Хотын даргаа томиллоо.

2016 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч, нийт сонгогчдын 50 орчим хувь буюу тал нь ялагдал хүлээсэн Ардчилсан намд саналаа өгснийг бүү мартаарай гэдгийг 2012-2016 онд Нийслэл Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажилласан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл эх баригчдад сануулсан. Өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн хотын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж хэрэгжүүлэхийг сөрөг хүчний зүгээс хүслээ. Ялангуяа гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн ажил, гэр хорооллыг хотын дэд бүтэцтэй холбох “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоохгүй, хэрэгжүүлээрэй гэж захисан. Эх баригч намын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгагдсан бүтээн байгуулалтыг эхлүүлж, АН-ын эхлүүлсэн ажлыг авах гээхийн ухаанаар хандаж, хотын төв, гэр хороолол гэж ялгалгүй хөгжүүлнэ гэж мэдэгдсэн юм.

НИТХ-ын тэргүүлэгчдийг МАН дангаар бүрдүүлэв

нам

НИТХ-ын анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, НИТХ-ын дарга хэн болох вэ гэдгийг хэлэлцэж, МАН-аас дэвшүүлсэн Ц.Сандуйг төлөөлөгчдийн олонх дэмжиж даргаар сонгосон. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгийг Д.Амарбаясгалан, АН-ын бүлгийг Ц.Баатархүү нар даргалахаар боллоо. Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн тоог МАН-аас 9, АН-аас хоёр байхаар эх баригчид гишүүдийн олонхоор шийдсэн ч, АН-ын зүгээс тэргүүлэгчдэд гишүүдийн нэрсээ дэвшүүлэхээс татгалзжээ. Учир нь тэдний МАН-аас 8, АН-аас 3 гишүүн тэргүүлэгчээр сонгоё гэсэн саналыг эх баригчид хүлээж аваагүй юм. Ингээд НИТХ-ын тэргүүлэгчдийг МАН дангаар бүрдүүлсэн.

МАН-ын бүлгээс НИТХ-ын Тэргүүлэгчдээр:

  • Ц.Сандуй
  • Ж.Батбаясгалан
  • Н.Баярмөнх
  • Э.Бат-Амгалан
  • Д.Баярсайхан
  • Ж.Алдаржавхлан
  • М.Эрдэнэтуяа
  • П.Баярхүү
  • Ж.Батсайхан нар сонгогдсон юм.

    НИТХ-ын анхдугаар хуралдааны төгсгөлд ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг удирдах Засаг даргыг хэлэлцэн баталлаа. НИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг даргын албан тушаалд 12 жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Су.Батболдын нэрийг дэвшүүлж, ИТХ-аар хэлэлцүүллээ. Гишүүдийн олонх Су.Батболдыг хотын даргаар ажиллахыг дэмжиж, томилов.

    Хотын хуучин удирдлагуудын зүгээс төрийн албан хаагчдыг тогтвортой ажлын байраар хангаж, хийх ажилдаа иргэдийн саналыг тусгаж, төсвийн хөрөнгийн зарцуулалтаа шилэн байлгахыг зөвлөсөн. Хотын дарга Су.Батболд иргэдийн ая тухтай орчинд амьдрах боломж нөхцөлийг тэгш бүрдүүлж, шударга хүнийг дэмжин, тууштай хамтран ажиллана гэсэн амлалт өгсөн юм.

    Ийнхүү Улаанбаатар хот Су. Батболд хэмээх шинэ захирагчтай болж, НИТХ-ын төлөөлөгчид шинэчлэгдэж, дарга нь МАН-аас томилогдож шинэ бүтцээр ажиллахаар боллоо.