m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.28 02:17
687
Олимпоос алтан медаль хүртсэн тамирчныг 111 сая төгрөгөөр шагнана

Монголын жудо бөхийн холбоо "Рио-2016" зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор өчигдөр үдэн гаргалаа.

Жүдочдын эхний ээлж өнөөдөр 11.00 цагт эх орноосоо мордох бөгөөд эх орондоо сүүлийн бэлтгэлээ базаасан юм. Энэхүү ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж баг тамирчиддаа амжилт хүслээ.

Тухайлбал, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг хүссэн. Түүнчлэн энэ үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм.

Мөн энэ үеэр өөрийн тэргүүлдэг "Макс" групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнчлэн жүдо бөхийн тамирчдаа үдэн гаргах ёслолын үеэр МҮОХ-ноос нийт тамирчиддаа олимпод оролцох эрхийн мандат болон мөнгөн тэтгэлэгийг албан ёсоор гардуулж амжилт хүссэн юм.