m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.13 03:45
274
Ээжтэйгээ болзсон болзоо \ сургамжит өгүүллэг\

Гэрлэснээс 21 жилийн дараа эхнэр маань намайг өөр эмэгтэйтэй болзож оройн хоол ид гэж тууштай ятгав. Харин эхнэрийн маань хүсээд байсан надтай болзох эмэгтэй маань 19 жилийн өмнө ханиасаа хагацаж, ганцаараа үлдсэн ээж минь байлаа. Би гурван хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхээс гадна тасралтгүй үргэлжлэх ажилдаа дарагдан ээжийндээ алдаг оногхон л очдог байсан юм. Тэр орой нь би ээжийгээ болзоонд урин утасдахад ээж минь ч дуртайяа зөвшөөрсөн билээ. Зөвхөн ээж бид хоёр…
Баасан гарагийн орой би ажлаа тараад төрсөн гэрийнхээ гадаа очвол ээж тэр нэгэн жил аавын авч өгсөн даашинзыг өмсч, үсээ ороогоод хэрэндээ л гоёчихсон үүдэн дээрээ намайг хүлээж байв. Ээж “Би найзууддаа хүүтэйгээ болзоонд явах гэж байгаа гэж хэлсэн. Тэд нар ч гайхаж байгаа даа” гэж инээсээр машинд суув. 
Бид  тансаг биш хэрнээ тохь тух сайтай нэгэн ресторанд хоол идэнгээ олон сайхан дурсамж ярьж оройг өнгөрүүлсэн. Харин болзоо өндөрлөхөд ээж маань намайг дараагийн болзоонд урьсан юм.   
Хэдэн өдрийн дараа ээж минь зүрхний шигдээсээр өөд болж, би ээжгүйгээр энэ хорвоог туулах хүнд зовлонд унасан. Ээжийн минь урьсан болзоо хэзээ ч болохгүй гэдгийг бодохоор л нүдэнд нулимс хурна. Үүнээс хойш хэдэн өдрийн дараа надад дугтуйнд хийсэн рестораны урилгатай ээжийн минь захидал ирсэн. Захидалд “Би оройн хоолны захиалга өгөөд үнийг нь урьдчилаад төлчихсөн байгаа. Эхнэртэйгээ болзоорой. Хүүтэйгээ болзсон болзоо надад ямар сайхан байсныг хэн ч төсөөлөхгүй. Би чамд хайртай хүү минь.” гэсэн байв. 
Энэ мөчид  “Би ч гэсэн тандаа хайртай” гэж хэлмээр байсан ч даанч ээж минь нэгэнт миний хажууд байхгүй болсон байсан юм. Та яг одоо ээжийнхээ дэргэд байвал “Би танд хайртай ээжээ” гэж сэтгэл дүүрэн хэлээрэй. Учир нь энэ үгийг хэлэхэд оройтсон үе ирдэг юм шүү. Би үүнээс хойш үргэлж гэр бүлдээ цаг гаргаж байх болно.