m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.14 23:52
112
Сайхан уруулын гайхам чимэг

Уруул нь хүний бие төдийгүй нүүрний хувьд өчүүхэн зайг эзэлдэг ч нэн чухал арчилгаа шаарддаг эрхтэн юм. Зөөлөн, эмзэг уруулыг тасалгааны ургамалтай зүйрлэж болно. Арьсыг бодвол цөөн давхаргатай ч салсттай нилээд төстэй бүтэцтэй учир нөхөн сэргэхдээ амархан байдаг. Тиймээс арчилж тордолгүй уруулаа гомдоосон бол тэр таныг уучилж болох талтай. Үүний тулд уруулыг хэрхэн арчлах талаар дэс дараалсан мэдлэгтэй болно уу.

Уруулаа чийгшүүл:

Уруулын бүс нь нүдний дараагаар хоёрт орох нүүрний хуурайшилтын бүс юм. Уруулын арьсны өөрийн бүтэц нь ус, тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар, ангижруулагч зэргийн нөлөөгөөр амархан хатдаг. Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах, эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэмжээг бие махбодын дотор болон гадна талаас авах хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгчийг хэрэглэ. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно.Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус уух хэвшил орно. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно. Намар орой, өвлийн цагт уруулын будгийг тогтмол хэрэглэхийн шаардлагагүй. Будгийн найрлага дахь зарим бодис уруулыг хатаадаг.

Уруулаа зөөллө:

Гөлгөр зөөлөн уруулд уруулын будаг сайн тогтдог. Ер нь ийм уруул будаггүйгээр ч гоё харагддаг. Гадагшаа гарах болгондоо “эрүүл ахуйн” гэсэн тодотголтой уруулын будаг, тосыг заавал түрхэж байгаарай. Хэрэв та уруулаа байнга буддаг бол тэжээлийн будаг хэрэглэх юм уу, эсвэл эрүүл ахуйн тосон дээрээ 10 минутын дараа /шингэсний дараа/ уруулын будгаа түрхэж байвал сайн. Мөн долоо хоногт 1-2 удаа цөцгий эсвэл зөгийн бал, луувантай хольсон тосоор уруулдаа маск тавиарай.

Уруулаа бүү долоо:

Ялангуяа хүйтний улиралд уруулаа шүлсдэх нь түүнийг хатааж, үрчийлгэх шалтгаан болдог. Уруулаа долоомоор санагдсан үедээ “эрүүл ахуйн” буюу”гигиенический” “hugienisvh”,”hugieniс”гэсэн бичигтэй, өнгөгүй будгаар уруулаа будаж хэвш. Гэрийн нөхцөлд тийм уруулын будаг хэрэглэхгүйгээр бүлээн хар юм уу, ногоон цайнд дүрсэн хөвөн, марлиар жин тавьж болдог.

Уруулаа гуужуул:

Үхсэн эсийг гуужуулах “ажиллагаа” зөвхөн нүүрний арьсанд л хамаатай юм биш. Уруулд ч гуужуулагч тусгай бодисыг хэрэглэдэг. Тэдгээрийн найрлаганд гуужуулагч болон тэжээлийн бодис байх тул хэрэглэсэн тохиолдолд уруулыг угаах хэрэггүй. Харин ийм бодис байхгүй тохиолдолд гэрийн нөхцөлд чийгтэй зөөлөн шүдний сойз юм уу, ширүүвтэр даавуугаар уруулдаа массаж хийдэг. Үүний дараагаар уруулан дээрээ заавал зөөлрүүлэгч тос тавиарай.