m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 00:52
2066
Монгол цайны урлаг, ёс заншил

Цай гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд эрт орж ирсэн ундаа юм. Монгол орны нүүдэлчин ард түмний өдөр тутмын хэрэглээ болсон цай нь эрт үеэс эхлэлтэй. Монгол цайны урлаг нь оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл хүмүүжил, ёс заншилтай билээ.Монгол эмэгтэй бүр өглөө босоод цайгаа чанаж тэнгэр, бурхандаа дээжийг нь өргөөд халуун саванд хийж тавьснаар гэр бүлийн гүшүүд өдрийн турш үргэлжлүүлэн уух нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн үдийн хоолны үед дахин шинээр цай чанаж тэр нь орой болтол хүртээлтэй байхаар тасралтгүй уухад бэлэн байлгадаг заншилтай юм. Монголчууд голчлон ногоон, малынхаа сүүгээр сүлсэн цай уудаг. Тэгвэл Монгол цайны урлагийн Цайны ёслол, Цайны ёс, Цайны жорыг хүргэе.

1.Цай чанах ёсон

Цай чанах ёс нь гал дээр тогоогоо хэрхэн тавихаас эхэлнэ.Тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг. Тогоог хойд зүг рүү үл ялиг хэлтгий тавина. Ус буцалсны дараа идээ, сүү хийх бөгөөд түрүүлж давс хийж болохгүй. Учир нь үгүйрч хоосорно гэж цээрлэдэг ёстой.

2.Цай аягалах ёсон

Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэнэ. Дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь зочдодоо насны эрэмбээр аягална.

3.Цайгаар дайлах ёсон

Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барина. Мөн ханцуйгаа нугалсан бол буулгах, аяганы амсар дээр хуруугаа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг.

4.Цайг хүндэтгэх ёсон

Сүүгээр сүлэхийн өмнө заавал духандаа хүргэх учиртай. Ингэснээр элдэв хэл ам, хараалыг ариусгадаг хэмээн үздэг байна. Цайны идээг дээш залах хэрэгтэй бөгөөд чанасан данхтай цайг зуухныхаа хойно тавих хэрэгтэй.

5.Цайны ёслол

Монгол зан заншлын нэгэн онцлог нь цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:

-Цайны дээж өргөх ёслол

-Бэр буулгах ёслол

-Хүүхдийн угаалга

-Бөө мөргөл дэх цайны ёслол