m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.19 23:54
123
Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигт “Арьс өнгөний алба байгуулагдсаны 90 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан арьс, өнгөний халдварт өвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ чадваржуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын хүн амыг эрүүл чийрэг өсгөхөд мэргэжил, ур чадвараа дайчлан ажиллаж ирсэн тус төвийн мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” хэмээжээ.

Арьсны өвчин судлалын үндэсний төв нь анх 1926 онд одоогийн улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд арьс өнгөний өвчнийг эмчлэх тасаг нэртэйгээр Зөвлөлт оросын эмч мэргэжилтний тусламжаар байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд 1940 оны 10-р сарыг хүртэл  Нэгдүгээр эмнэлгийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм. Улмаар 1930 онд 18 аймгийн төвийн больницуудад арьс өнгөний өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх ор ажиллуулж 1946 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 61 дүгээр тогтоолоор тэр үеийн төв эмнэлгийн дэргэд ажиллаж байсан арьс өнгөний өвчнийг эмчлэх тасгийг биеэ даасан эмнэлэг болгох шийдвэр гаргаж байжээ.