m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.25 00:15
51
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал хойшиллоо

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. АН-ын хэрэг эрхлэх газраас "Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсон тул наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ-ны хурал хойшилж байна” гэсэн тайлбар хийсэн юм. Энэ удаагийн хурлаар намын шинэ даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох, намын их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх байсан. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан Л.Эрхэмбаяр өөрийн твиттер хуудастаа "Улс төрийн ашиг хонжооны төлөө олон нийтийн тархийг жам ёсны бус амлалтаар угаах нь хамгийн хорлонтой”,“МАН-ын Засгийн газрын гаргаж буй өнөөдрийн шийдвэрүүд ёс бус, худал амлалтаасаа буцаж үнэнд гүйцэгдсэн жам ёсны талдаа байна”,"Монгол ардын намын Засгийн газар ойрын үед улстөржсөн биш улс хожих шийдвэрүүд гаргах байх гэж найдаж байна” зэргээр жиргэжээ. Засгийн газрын зүгээс УИХ-д ирэх оны төсвийн төсөөллийг өргөн барихдаа Хамтын тэтгэврийн тухай хууль зэргийг хэрэгжүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн. Энэ мэт АН-ын эрх барьж байх үед батлагдсан хуулийн төслүүдийг хэрэгжүүлэхгүй байх нөхцөл үүссэнтэй холбоотойгоор тус намын ҮЗХ-ны хурал хойшлогдож байна гэдэг тайлбарыг хийж байна.