m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.08.26 00:53
178
Хүүхэдтэйгээ цуг ном унших аргууд

Дөнгөж төрснөөс нь зургаан сар хүртэл

-Чиний хоолой түүний хувьд хөгжим шиг л сонсогдож байгаа.Тиймээс төрөөд хэдхэн хоносон нялх үрээ ойлгохгүй гэж бодолгүйгээр, түүнд үлгэр уншиж өгч байгаарай.

-Том, ойлгомжтой, энгийн зурагтай хүүхдийн номыг нүднээс нь 30 см орчмын зайтай барьж байгаад хамтдаа уншвал зүгээр.

6-12 сартайд

-Энэ үедээ хүүхдүүд гартаа таарсан бүхнээ амандаа хийж, амталж үзэхийг хүсдэг. Тиймээс нимгэн цаас биш, зузаан хатуу юм уу, даавуун материалтай ном түүнд тохиромжтой.

-Ном уншихыг өдөр бүрийн хэвшил болгоорой. Унтахынх нь өмнө тогтмол таван минутын уншлагын цаг тогтоож болно.

1-2 настайд

-Одоо тэр чиний хэлсэн үгний талыг ойлгож чадахуйц болсон. Тиймээс цуг ном уншиж байхдаа “Хов хов гэдэг нохой хаана байна “?,”Энэ миний хүүгийн тоглодог бөмбөг мөн үү”?гэх мэтээр түүнд асуулт тавиарай. Тэр уншиж байгаа зүйлтэйгээ энэ маягаар харилцаа тогтоож сурна.

-Хэрвээ уншлагын цагийг бага байхад нь хэвшил болгочихсон бол энэ үеэс хүүхэд тодорхой төрлийн юм уу, хэдхэн номонд л илүү их сонирхолтой байгаа нь анзаарагдах болно. Мөлхөө жаал “Бүү бүү ном”-оо өдөр бүр уншуулдаг байсныхаа ачаар л хорвоотой танилцсан байдаг шүү дээ. Чи ганцхан номоо зуун удаа уншихаас залхсан байж болох ч хүүхдэд таньдаг ном нь илүү дотно дулаан бас сонирхолтой санагддаг.

-Энэ насны хүүхэд нэг үгээ байн байн давтдаг тексттэй, төгсгөл нь ойлгомжтой номнуудад дуртай байдгийг бодолцоорой.

2-3 настайд

-Илт хөдөлгөөнтэй болж ирсэн үр нь одоо номыг зөвхөн уншаад өнгөрөх биш, өөрөө түүнийг үйлдлээрэй үзүүлэхийг оролдох болно.

-Мөн үлгэрийн баатрууд таньдаг хүн нь юм уу, өөрөө байвал тэдэнд илүү их таалагдана. Тиймээс уншиж буй үлгэрийнхээ баатрыг өөрийнх нь нэрээр орлуулж уншаарай.

-Түүний үгийн сан тогтвортойгоор өсөж байгаа. Тиймээс номын санг байнга шинэчилж, үгсийн санг нь илүү хурдан арвижихад туслаарай.

-Хүүхэд номноос томчуудын олж анзаараагүй зүйлийг ч олж харж магадгүй. Эрээн мяраан зурган дундаас жижигхэн хургыг онцолж байвал түүнийг гярхай байсных нь төлөө заавал магтан урамшуулаарай.

3-4 настайд

-Одоо түүний мэдлэгийг тэлж эхлэх цаг. Номын тавиур дээрээ төрөл бүрийн зүйлийн тухай өгүүлсэн, танин мэдэхүйн номнуудыг нэм.

-түүний сонирхол болон анхаарлаа төвлөрүүлэх чадвар өдөр ирэх тусам хөгжиж байгаа. Тиймээс үлгэрийн цагтай цэцэрлэгт оруулж бусад хүүхдүүдтэй хамт сонсож сурахад нь туслах хэрэгтэй.

4-5 настайд

-Дүүтэй болох, тэжээвэр амьтан нь өөд болох, сургуульд орох гээд амьдралынх нь чухал үеүдэд түүнд зурагтай номнууд хань болох болно.

-Энэ насандаа хүүхдүүд байгаль дэлхийгээ маш ихээр сонирхож эхэлдэг. “Яагаад” гэдэг асуултуудад нь хариулт болох номнуудаар номын санг нь шинэчилж өгөх хэрэгтэй.

-Тэд одоо номоо өөрсдөө уншиж сурахыг хүсэж эхэлнэ.Сонирхох үед нь үсэг, үгийг ганц нэгээр нь зааж өг. Чадахгүй байвал шахах хэрэггүй. Багаас нь номтой ойр өсгөсөн хүүхэд тэгсхийгээд амархан сурчихна. Хүүхэд тань хэдий номонд хорхойсдог нэгэн болж өссөн ч түүнийг оройн цагаар, бүдэг гэрэлд, хэт ойроос уншихаас сэргийлээрэй. Түүний нүдний хараа муудах эрсдэлтэй. Зөвхөн тод гэрэлтэй үед уншлагын цаг тогтоо.