m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.09 11:28
572
ББДХ-ны ерөнхийлөгч Ч. Даваабаяр: Монголынхоо өв соёлыг, монгол хүний оюуны хүч чадлыг хамтдаа дэлхийд дархалцгаая

Өврийн сайхан хангай нутгийн түмэн олон, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа баялаг бүтээгчид та бүхэн минь сайхан намаржиж байна уу.

Баялаг бүтээгчид та бид өнгөрсөн хугацаанд чамгүй ихийг хийж амжууллаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоогоо байгууллаа. Нэгдэж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж, эрх ашгаа хамгаалж чаддаг боллоо. Холбоо 100 гаруй мянган баялаг бүтээгч гишүүд, дэмжигчидтэй болж, монгол орны өнцөг булан бүрт салбар хороогоо байгуулан тасралтгүй, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд та бид Монгол улсын хөгжил дэвшилд баялаг бүтээгчдийн үүрэг оролцоо их гэдгийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлж баялаг бүтээгчдээ дэмжсэн эрх зүйн орчинг бий болгож чадлаа. Бие биентэйгээ хамтран ажиллаж, шинийг эрж хайж, илүү чанартай, хүртээмжтэй, ашигтай үйл ажиллаагааны төлөө чармайн хөдөлмөрлөж байна.

 

Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа ч бид бууж өгөөгүй. Нөхцөл байдалд тулгуурласан арга хэмжээнүүдийг авч ард иргэдээ хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр ханган ажилласаар байна. Бас бидний өмнө шинэ засаг төртэй байнгын холбоотой, харилцан ойлголцол дунд ажиллаж хүрсэн үр дүнгээ бататгах шаардлага тулгарч байна. Бид зөвхөн ашгийн төлөө ажилладаггүй. Нийгмийн сайн сайхны төлөө ч бидний ажил чиглэдэг.

Монгол бүтээгдэхүүнээ, монгол өв соёлоо, монгол хүний ур ухаан, оюуны чадамжийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажилладаг. Өнөөдөр ч бид ийм нэгэн зорилгын төлөө энд цуглаад байна. Өнө эртнээс уламжлагдан ирсэн өв соёлоо хадгалан хамгаалж, сурталчилж, үр хойчдоо өвлүүлж, дэлхийд ганцхан Монголынх гэж тамгалуулах 100 метр эсгий ширмэл бүтээлийн сүүлийн учгийг хатгаж, энэ түүхэн бүтээлийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлж, Гиннесийн дээд амжилт тогтоох түүхэн ажил бараг бариан дээрээ иржээ.

Энэ ажлыг анх Хан Хэнтийн урчууд тодруулбал Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймгийн тэргүүлэгч  Нэргүй гэргий Нарантуяагийн хамт санаачилж эхлүүлж байлаа. Үүнийг нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дэмжин Монголчуудынхаа сонорт хүргэж улс орон даяар уран үйлчид түрлэг нэмэн учгаа шингээсээр өнөөдөр Монгол орны төв цэг Өвөрхангай аймгийн үйлчид, баялаг бүтээгчид хамгийн сүүлийн учгийг хатгахаар энд цуглаад байна. Энэ 100 метр урт эсгийн дээр бид Монгол түмний их хөлгөн судар Монголын нууц товчооны түүхэн үйл явдлыг Хүннүгийн үеэс уламжилж ирсэн зээг, ширмэл оёдолоор оёж урлаж дуусч байна. Энэ бүтээл хэмжээгээрээ ч ур хийцээрээ ч шинэлэг байдлаараа ч Монголд төдийгүй дэлхийд хосгүй бүтээл болж үнэлэгдэнэ.

Энэ түүхэн хосгүй бүтээлийг урлахад Монголчууд маань ч сэтгэлийн хандиваа харамгүй өргөн оролцож байна. Нийтдээ энэ бүтээлийг урлах ажилд 8 аймгийн 1500 гаруй баялаг бүтээгч, үйлчид оролцож олон тооны иргэд, байгууллага хандив тусламж үзүүлжээ.  Аймаг орон нутгийн баялаг бүтээгчид маань  Хан Хэнтийн гар урчуудаа халуун дотноор хүлээн авч байгааг харахад бидний Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гэдэг нэгэн айл ямар сайхан гэр бүл болж нэгдэж чадсан юм бэ гэдгийг харах энэхүү холбоог үүсгэн байгуулсан хүний хувьд харахад таатай байна. Та бүхнээрээ бахархаж байна. 

  • Булган аймгийн Сэлэнгэ сумын удирдлага хамт олон тосон авч Наадмаа зохион байгуулж баяр хүргэж ,
  • Увс аймагт 6 настай балчир , 96 настай буурал учиг шингээж ,  109 метр зээг оёж хүн бүхэн их бага гэлтгүй сэтгэлийн их дэм хайрлан оролцжээ.

Энэхүү монголын төдийгүй дэлхийн хосгүй бүтээлийг Гиннесийн номонд бүртгүүлэхэд 35 сая төгрөгийн зардал гарч байгаа учраас Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дэмжлэг үзүүлэх үүднээс хандивын дансыг нээгээд байна.  Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ХААН БАНК 5753862007 

ЭНЭХҮҮ ТҮҮХЭН БҮТЭЭЛИЙГ УРЛАХАД 20.000 КМ  БУЮУ 20 САЯ МЕТР УТАС ОДООГИЙН БАЙДЛААР ЗАРЦУУЛАГДАГДААД БАЙГАА ХЭДИЙ Ч ЭХЛЭЛ, ТӨГСГӨЛИЙН ОЁДЛЫН АЖИЛ ҮРГЭЛЖЛЭН ХИЙГДЭЖ , БУДАЖ ЯНЗАЛСНААР АЖИЛ ДУУСАХ ЮМ. 

Харин одоо үүнийг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, зарцуулсан хөдөлмөрөөрөө Гиннесийн дээд амжилт тогтоох дараагийн том ажил үлдэж байна. Үүнд ч Монгол түмэн та бүхний минь, Өвөрхангайчууд, баялаг бүтээгчид та бидний сэтгэлийн хандив, дэм хамгийн чухал юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Монголчууд нэг зорилгын дор нэгдэж нэгэн зүгт хүчээ нэгтгэвэл ямар ч өндөрлөгт хүрч чадна. Монголынхоо өв соёлыг, монгол хүний оюуны хүч чадлыг хамтдаа дэлхийд дархалцгаая.

"Монголын нууц товчоо"-г 100 метр урт эсгийн дээр урласан бүтээлд Өвөрхангайн урчууд учгаа шингээлээ.