m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 07:09
62
Олон биш ч чанартай хувцас эрчүүдийн шүүгээнд байх ёстой

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол шүүгээндээ тийм ч олон төрлийн хувцас цуглуулаад байдаггүй. Шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ “Өмсөх юм  юу ч алга ...” хэмээн сэтгэлээр унадаг нь ихэнх эмэгтэйчүүдийн гэм биш зан. Харин эрчүүд өөрсдийгөө хэрэгцээ багатай хэмээн тодорхойлдог. Энэ нь стресстэхгүй байх, цаг хугацаа болон мөнгөө хэмнэх зэрэг маш олон давуу талтай.

Шийдвэр гаргахад хялбар

Өдөр бүр өмсөх хувцсаа бодож, шийдэхээс илүү чухал зүйлс хүний амьдралд олон.Тархи маш их хэмжээний мэдээлэл хүлээн авч боловсруулж байдаг ч нэг дор гурван зүйлд л зэрэг төвлөрөх чадамжтай. Харин ачаалал хэтэрсэн тохиолдолд анхаарал сарниж, зөв шийдвэр гаргах чадвар алдагддаг. Иймд гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд олон хувцасны сонголтоос татгалзах нь зүйн хэрэг. Гэвч энэ  бол хувь хүний үзэмж, шийдлийн асуудал тул бусдыг ч бас хувцаслалтын тал дээр өөртэйгээ адил байлгах гэж хичээх нь утгагүй хэрэг.

Бэлгэ тэмдэг буюу амжилт

Суут ухаан, хөдөлмөрч чадвараараа тэрбумтнууд болж чадсан Марк Зукерберг, Стив Жобс нарыг дурсахад л аль хэдийнэ өөрсдийн гэсэн стиль имижээрээ дүрслэгдэж байгаа биз?

Энэ бол бэлгэдэл буюу бусдын ой ухаанд хоногшиж үлдсэн мэдээлэл. Тиймээс дэлхийд алдартай карьер зөвлөхүүд “Өдөр бүр адилхан хувцаслах нь өөрийгөө олонд таниулах хамгийн хэмнэлттэй бөгөөд хялбар арга зам юм. Энэ нь таны тогтвортой, бие даасан байдлыг илэрхийлдэг” гэх үнэт зөвлөгөөг өгдөг.

Цаг хугацааны хэмнэлт

Бид өмсөх хувцсаа сонгохын тулд хэр их хугацаа зарцуулдгийг мэдэхгүй. Гэхдээ л энэ нь бидний үнэт цагаас хумсалдаг нь тодорхой. Цаг барьж хэвшээгүй, өглөөд байнга шахуу ажлаасаа хоцордог хүмүүсийн ихэнх нь өглөөд юу өмсөхөө шийдэх гэж маш их цаг, стресс зарцуулдаг болох нь тогтоогдсон байдаг.

Бага зардал

Та худалдан авсан хувцасандаа долоо хоног, сар, улирал, жилээр нь хэдий хэр мөнгө зарцуулдгаа тооцож үзсэн үү? Бүр шүүгээнд тань зай эзэлж, барагтай бол өмсдөггүй хувцсандаа хэр их мөнгө үрсэн байна вэ? Гэтэл бид шүүгээндээ байгаа хувцсаа бүгдийг нь тогтмол өмсдөг билүү? Эдгээр асуултанд хариулаад үзээрэй. Үүнээс хойш өөрийг тань илэрхийлэх олон биш ч чанартай хувцсыг сонго.