m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.16 05:19
91
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 104 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэв

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын тухай мэдээллийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдээллээ.

Тэрээр “2012-2016 онуудад гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 баршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан. Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдөр нэг хувьд ч хүрэхгүй байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэж тайлбарлав.

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд 7 дугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай  300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Яг ийм  байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна.

        

2012-2016 онд  гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч  таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байна гэсэн юм. Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан байна.   Харин бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой гэдгийг тэрээр мөн хэллээ.  

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 104,0 тэрбум төгрөг зарцуулчихсан хирнээ өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна.  Ер нь энэ хөрөнгө хаашаа яаж оров, юунд зарцуулагсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Иргэдэд энэ талаар  бодит мэдээлэл өгч, дахин төлөвлөлтийг цаашид яаж үргэлжлүүлэх, иргэдээ хохиролгүй болоход бид анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналыг  НИТХ-ын Тэргүүлэгчид хэлж байлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй  “2008 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын айлууд дахин төлөвлөлтөөр газрынхаа ашиг шимийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон иргэд хохирогч болчихоод байгаа нь энэ хөтөлбөр буруу явсныг харуулж байна. Эргээд төрийн нуруун дээр энэ ачаа бууж байгаа учраас буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн иргэдийг хохирлогүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулах хэрэгтэй” гэсэн юм.

НИТХ-ын Тэргүүлэгчид нэн тэрүүнд орон гэргүй болон 400 айлын асуудлыг шийднэ гэдгээ хэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар үнэн бодит мэдээллийг иргэдэд танилцуулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.