m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.21 00:21
449
Сохор бүсгүй \сургамжит өгүүллэг\

Төрөлхийн нэгэн сохор бүсгүй байжээ. Түүнийг эцэг эх нь мэдсэн цагаасаа эхлээд онцгой анхаарал халамж тавьж, юугаар ч дутаахгүй байхыг хичээдэг байлаа. Хэдийгээр охин нь юу ч харахгүй гэдгийг мэдэж байсан ч гоёмсог хувцас, илүү сайхан эдлэл авч өгдөг байв. Охин өөрийгөө толинд харж байгаагүй учраас чухамдаа царайлаг эсвэл бүр царай муутай нэгэн гэдгээ ч мэдэхгүй билээ. Сэхүүн салхитай нэгэн үдэш гадаа сууж байхад нь түүний гарыг хэн нэгний дулаахан гар атган авсан аж. Ийм үед танихгүй хүнд гараа бариуллаа хэмээн охид уурлаж, сандардаг ч сохор бүсгүй таг дуугүй суусаар л . Залуу түүнд улам дөхөж суугаад өөртэй нь танилцмаар байгаагаа, түүнийг салхилж байгааг хэдэн өдөр ажигласнаа, тэдний байранд саяхан нүүж ирснээ ч тайлагнажээ. Бүсгүй хэсэг чимээгүй сонсож сууснаа “Би сохор” гэсэн хоёрхон үгийг хариулт болгон илгээхэд дулаан гар улам чанга атгаж ”Би мэднэ ээ” хэмээн шивнэжээ. Чамайг таяггүй явах гэж маш их хичээдгийг чинь ч мэдсэн гэх хариулт тийм ч таатай байсангүй. Гэсэн ч бүсгүйн зүрхэнд хэн нэгний царай төсөөлөгдөж хэдхэн хормын дулаан яриа чихэнд нь биш зүрхэнд нь хүрснийг мэдрэх болжээ. Мэдрэмжээ нуухыг тэр хүссэнгүй. Залуу орой бүр гэрийнх нь хонхыг дарах үед цагаа тэмтрэлгүйгээр оройн долоон цаг болсныг мэддэг болов. Хосуудын болзоо яг л үлгэрийн мэт өрнөж байв. Ийнхүү бүсгүй асран халамжлах эр хүнтэй болсноос хойш хэдийнэ хоёр жилийг үджээ. Бүсгүй эхэндээ баяр жаргалтай болсон ч одоо нэгэнт гуниглан суух болжээ. Мэдээж түүний хайртай залуу гярхай ажиглан юу болсныг асуулаа. Санаа алдан байж хэлсэн найз бүсгүйнх нь үг хөөрхий залууд том цохилт болжээ.

-Би чамтай хамт насыг харанхуй бүдүүлгээр туулах нь дээ. Харин чи хаалга нь хэзээ ч нээгддэггүй агуйд үүрд гацна. Би үнэндээ нүдтэй болоод энэ хорвоог, бас хайртай чамайгаа харахыг хамгийн ихээр мөрөөдөж байна. Хуримын өдрөө чиний царайг л харж байвал нэг насны хүсэл минь биелснээс өөрцгүй хэмээжээ. Залуу “нүдний донор хэрхэн олох вэ? “ гэж өдөр бүр бодох болов. Гэвч хэн ч олдсонгүй. Гэхдээ цөхрөлтгүй хайсаар л байлаа. Бүр хуримын өдрөөрөө чинийхээ насны хүслийг заавал биелүүлэх болно хэмээн тангараг тавьжээ. Нэгэн өглөө охины ээж маш баяртайгаар орж ирээд “нүдний донор олдсон, маргаашийн дотор хагалгаанд орж болно” гэж эмнэлэгээс ярьсан талаар хэлэв. Баярт мэдээг сонсоод насаараа харанхуй орчинд амьдарсан бүсгүй өөрийн эрхгүй нулимс дуслуулав. Бүтэн 16 цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо. Ингээд нүдний боолтоо авсан даруйдаа найз залуугаа харахаар яаран өндийв. Гэвч найз залуу нь түүнд огт таалагдсангүй. Харин найз залуу нь өөдөөс нь харан зогсоод “Намайг хараад баярлаж байна уу? Чи нүдтэй болсон юм чинь надтай гэрлэнэ биз дээ?” хэмээн асуув. Бүсгүй шууд татгалзлаа. Зориг гарган “Би найз залуугаа ийм муухай царайтай, бас сохор нэгэн гэж бодоогүй ээ” хэмээн хэлж орхилоо. Залуу хайртынхаа шударга байгаад нь талархаад бас нүдтэй болсонд нь  баяр хүргээд гарч оджээ. Гомдол тээсэн залуу хэд хоногийн дараа нүдтэй болсон бүсгүйд нэгэн захидал илгээжээ. Нээн уншвал “Миний нүдийг хайрлаж яваарай, Хайрт минь” гэх богинохон өгүүлбэр дурайх нь тэр. Нүд хараатай байсан ч сэтгэл сохор бол орчлонг хараад нэмэргүй ажээ.