m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.21 23:11
172
“Юнивишн” киноны дүрсийг унагах эрхгүй

Сүүлийн өдрүүдэд “Юнивижн”-ий сувгаар нэвтэрч буй зарим телевизийн киноны дүрсний чанарыг санаатайгаар муутгаж байгаа тухай иргэд ихээр гомдоллож байна. Тухайлбал, “Эх орон”, “World TV, “SBN”, “ETV”, “Mass tv”, “ТВ 10” зэрэг сувгаар гарч буй киноны дүрс бүрсийж байгаа юм.

Иргэдийн гомдолд “Юнивижн” компани өөрийн олон нийтийн хуудсаар дамжуулан “Зөвшөөрөлгүй кино гаргаж буй телевизүүдийн дүрсийг кино гарах үед нь унагаж байна” гэсэн тайлбарыг хийсэн. “Юнивижн” компанийн тайлбар үндэслэлтэй юу гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хороо болоод Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон “Юнивижн” компани хооронд хийсэн гэрээнд “олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь телевиз, кабелийн сувгаас ирүүлж буй контентийн дуу, дүрс чанарыг алдагдуулахгүй үзэгчдэд дамжуулах үүрэг хүлээсэн байдаг” байна. Оюуны өмчийн хүрээнд ч “Юнивижн” компани телевизийн цацаж буй кино, нэвтрүүлгийн дүрсний нягтралыг унагах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй хэмээн тэд тайбарлалаа.

Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын хяналтын газрын улсын байцаагч С.Ганзоригийн тайлбарласнаар “Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар “Юнивижн” компани нь зөвхөн бусдаас өөрийн хөрөнгөөр худалдаж авсан эсвэл өөрөө бүтээсэн зохиогчийн эрхийг нь эзэмшдэг бүтээл, контентийн хулгайд алдсан гэж үзвэл Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт албан ёсоор гомдол гаргах ёстой. Үүний дараа Оюуны өмч, улсын бүртгэлийн газар тухайн бүтээл нь “Юнивижн”-ий өмч эсэхийг судалж, нотолсоны дараа телевизүүдэд хариуцлага тооцох боломжтой. Харин “Юнивижн” компани өөрөө шууд телевизүүдээр гарч буй контентийн дүрсний нягтралыг сааруулах эрхгүй байгууллага” гэсэн юм.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт энэ асуудлаар иргэдээс гомдол ирсэн бөгөөд ойрын өдрүүдэд Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг тус газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

“Юнивижн” компани одоогоор Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт ямар нэгэн гомдол гаргаагүй байна.

Мөн телевизээр цацагдаж буй зар сурталчилгаа, мэдээний хөтөлбөр, нэвтрүүлэг, кино зэргийн дуу гэнэт чангарч, сулрах ёсгүй. Нэг түвшинд үзэгчдэд дамжуулах стандарттай аж. Дуу, дүрс нэг түвшинд байх стандартыг иргэдээс үйлчилгээний төлбөр авдаг IPTV үйлчилгээ эрхлэгч “Скаймедиа”, “Юнивижн” компаниуд мөрдөх ёстой. Гэтэл амьдрал дээр энэ үүргээ IPTV үйлчилгээ эрхлэгч хоёр компани биелүүлэхгүй байгаа аж. Иймээс Харилцаа холбооны газраас шалгалт, судалгаа явуулж "Скаймедиа”, “Юнивижн” компанид дуу, дүрсний чанарт тавих шаардлагыг хүргүүлж, холбогдох хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.

“Юнивижн” компаниас ямар шалтгаанаар яагаад ийнхүү зарим телевизээр гарах киноны дүрсний чанарыг алдагдуулах болов гэдэгт албан ёсны хариулт авахыг хүссэн ч тодорхой тайлбар өгөхөөс татгалзав. Мөн контентийн дүрсний чанараа алдагдуулсан телевизийн удирдлагуудаас гомдолтой эсэхийг нь тодруулахад нэгдсэн байдлаар тайлбар хийнэ гэж хариуллаа.

Эх сурвалж: news.mn