m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.22 06:05
72
Улаанбаатар хот БНСУ-ын Гванжу хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хотын дарга зочдыг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд,  Гуанжу хотоос санаачилага гарган хүрэлцэн ирж хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад талархал илэрхийллээ. БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн,  Улаанбаатар хоттой эрүүл мэнд,  боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өрөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин ажилладаг хотын хувьд  энэ чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдлаа. Тус хот нь цахилгаан болон ус төрөгчөөр ажилладаг машин үйлдэрлэдэг бөгөөд ийм технологийг Улаанбаатарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.  

Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Бид  олон салбарт хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Эрүүл мэндийн салбарт та бүхэнтэй хамтрахаас гадна залуучуудын хөгжлийн асуудал дээр хамтран ажиллаж харилцан туршлага солилцох хүсэлтэй байна" гэсэн юм. Уулзалтын дараа талууд найрамдалт хамтын ажиллагаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хот БНСУ-ын Гванжу хоттой аялал жуулчлал, боловсрол,  эрүүл мэнд, соёл урлаг, залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.