m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.27 01:26
99
Гурван сарын хүүхдийн мөнгийг нийтэд нь олгоно

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголд нийцүүлэн хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталсан. Тодруулбал, 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгохоор болсон билээ. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Зорилтот бүлгийнхнийг хэрхэн тодорхойлох, ямар шалгуураар иргэдийг ангилж байгаа талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас   ”Сүүлийн үед шинэчлэгдэж байгаа өрхийн судалгаан дээр үндэслэн амьжиргааны түвшинг тогтооно. Амьжиргааны түвшинг оноогоор үнэлж тодорхой нэг түвшин бүхий үнэлгээ гаргаад тухайн тооноос бага оноотой 60 хувьд "Хүүхдийн мөнгө"-ийг бэлнээр олгох юм. Энэ сардаа багтаж хүүхдийнх нь мөнгө дансанд нь орсон иргэд 2019 он хүртэл хүүхдийн мөнгөө бэлнээр авна гэж ойлгож болно.

Харин үлдэгдэл 40 хувьд "Хүүхдийн мөнгө"-ийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банканд байрлуулж тодорхой хугацааны дараа буюу 2019 оноос нөхөж олгоно гэж тооцоолж байгаа.Бэлнээр олгох 660 гаруй мянган хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож есдүгээр сард багтаан олгоно. Гурван сарын мөнгө нэг зэрэг иргэдийн дансанд орно" гэсэн тодруулга өгсөн байна.