m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.29 09:49
220
Нүдээ нээ \сургамжит өгүүлэг\

Бага байхад ээж намайг “Харалган болоо юу?” гэж хааяа загнадаг ч би бүрэн учрыг нь огт ойлгодоггүй байлаа. Заримдаа бүр”Ухаанд нь ухна унасан моньд” гэдэгсэн. Манайх шинэ байранд нүүж орлоо. Удалгүй би шинэ байрныхаа эргэн тойронд салхилж, үеийн залуустайгаа танилцлаа. Заримтай нь илүү дотно найзалж, гэр гэрээрээ орж гардаг боллоо. Тэднээр дамжуулж олон ч хүмүүстэй шинээр танилцаж, охид бүсгүйчүүдийг ч гоё сайхнаар нь ангилдаг бүтэлгүй зан суув. Энд ирээд гурван ч бүсгүйтэй үерхэж хэрүүл маргаантайхан салж сарниж үзлээ. Нэг удаа найз нартайгаа зугаацаж яваад гэртээ харихдаа ухаанаа алдаж, үүдэндээ суугаад унтчихсан байв. Өглөө сэрээд танихгүй айлд унтаж байгаагаа мэдэв. Санаа зовж, хамгийн гол нь би хаана байна аа гэх эхний асуулттай тулгарлаа. Танихгүй бүсгүй намайг асарч, шөл хийсэн байх агаад сонирхолдоо хөтлөгдөн шивүүлсэн хэдэн утгагүй шивээсийг маань их л шохоорхон суух нь даанч эгдүүтэй санагдав. Бүсгүйтэй арай ядан таван өгүүлбэр сольсны эцэст түүнийг манай байранд байдгийг  нь сонсоод маш их гайхаж билээ. Бид нэг байранд ,бүр нэг орцонд, нэг давхарт амьдардаг байж. Манай хөрш дулаахан инээмсэглэлтэй бүсгүй юмсанж. Яаж согтож, муудсан ч гэрээ олчихдог би яагаад эднийд орчихсон юм бол, ийм турьхан бүсгүй намайг яаж дийлсэн юм бол гэх олон асуулт байсан ч бантсандаа чимээгүй байж, түүний хийсэн шөлийг уугаад тэднийхээс гарав.

Маргааш нь өнөөх дулаахан харцтай бүсгүй гэрээсээ гараад явж байгаа нь цонхоор харагдлаа. Өөрийн эрхгүй түүнийг дагуулан ширтэж, хаачих гэж байгаа юм бол гэсэн бодол төрөв. Орой хэдэн цагт ирдгийг нь мэдэхгүй ч түүнийг хүлээхээр байрны үүдэн дэх саравчинд суулаа. Оройн 22:00 цагийн үед бүсгүй инээвхийлэн ирж яваа харагдав. Намайг харангуутаа хэзээний танилууд шиг гараа даллан юу хийж суугаа юм гээд ойртон ирэв. Ганцаардаж, буруу, зөвийг хийж байгаа эсэхээ ч мэдэхгүй төөрөлдөж яваа надад ийм л дулаахан харц дутагдаж явсныг би анзаарав. Түүнээс хойш би өдөр бүр түүнийг хүлээж, хааяа ажлаас нь тосон авч, гадуур зугаалсаар эцэст нь эхнэрээ болгосон юм даа. Намайг анх нүүж ирэхэд цонхоороо хараад дурласан бүсгүйг би өдий олон жил мэдээгүй явсан аж. Үнэхээр ээжийн хэлдэг шиг харалган нэгэн байжээ. Тэр цагаас хойш, бурхан бидний нүдийг нээх цагтаа нээж, хаах үедээ хаадаг юм байна гэж бодсон. Заяаны хань зам дээр гэдэг л энэ байх даа.