m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 03:55
114
Сайн аав байх дөрвөн зарчим

Нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинскийн хэлснээр “Хүн бүр математикч болох албагүй ч хүн бүр эцэг эх болдог” гэдэг. Энэ үг эрчүүдийн хувьд “Аав болохыг хүн бүр чадах ч сайн аав байхыг хүн бүр чадахгүй” гэх утгаар буух ёстой.

1.Хүүхдийнхээ талаар тунгаан бод

Хүүхдүүд үргэлж ямар нэгэн зүйлийн талаар асуудаг. Яагаад? хэмээн эхлэх тэдний асуултуудад хариулах амархан ч тэд яагаад ингэж асуусныг хамгийн түрүүнд бодож үзэх хэрэгтэй. Үнэн хэрэгтэй таны хүүхэд “Аав надтай ярилцаасай”,”Надаар бахархаасай” хэмээн боддог юм шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ мэдрэхийн тулд та өнөөдрөөс эхлээд тэдний асуултын учир шалтгааны талаар бодож үзээрэй.

2.Хүүхдүүдтэйгээ хамт тоглох

“Сайн аав” том хүн, хүүхэд хоёрын аль алинд нь хувирдаг. Тэд үлгэр яаж төгсөхийг мэдсээр байж уйдалгүй хэдэн зуун удаа хүүхдэдээ уншиж өгдөг. Томчуудын хувьд хүүхэдтэй хамт тоглох нь сайхан зүйл шиг санагдахгүй ч хүүхдүүдэд бол хэзээ ч мартахааргүй дурсамж юм шүү дээ. Чухам энэ харилцаанаас л та болон таны хүүхдийн хоорондох итгэлцэл батжиж, та орон зайгаа хэчнээн том болохыг мэдрэнэ.

3.Аливаа зүйлийг тэвчиж сур

“Сайн аав” байх гол шинж чанаруудын нэг нь тэсвэр тэвчээр, энэрэнгүй сэтгэл юм. Таны үйл хөдлөл бүрээс таны хүүхэд үлгэр авна гэдгийг алхам бүртээ санаж бай. Хэн нэгэн рүү уурлах, аашлах, бусдын үзэл бодлыг үл тоох зэрэг нь таны хүүхдэд хуулбарлагдан”удамшина”.Магадгүй таны хувьд тэвчээр гаргах амархан зүйл мэт санагдаж мэднэ. Гэхдээ та уурлаж бухимдсан үедээ юу хийдгээ сайтар тунгаан бодоход илүүдэхгүй.

4.Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж ав

Хүүхдийнхээ үзэл бодлыг дандаа буруутгах хэрэггүй. Миний охин,хүү буруу бодож байна хэмээн таныг хэлэх бүрт хүүхэд тань өөртөө итгэх итгэлээ бага багаар алдаж байдаг. Тиймээс хүүхдээ үргэлж дэмжиж, тайвшруулж, бурууг зөвөөр залруулах хэрэгтэй.