m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 04:17
64
Гурван яамны ТНБД, зарим агентлагын дарга нарын нэр тодорлоо

Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаанаар 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөнөөс ажлын байрны шалгалтад хамгийн өндөр оноо авсан алба хаагчдыг нэр дэвшүүлсэн байна.

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын  албан тушаалд Б.Баярсайхан /Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан/ 

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын туслах асан/ 

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Д.Очирбат /УИХ-ын гишүүн асан/

-Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилуулахаар тус тус нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Түүнчлэн Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналаа Хүний эрхийн комисст хүргүүлэхээр болжээ. Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн,  Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

ТАЗ-өөс есдүгээр сарын 12-нд Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж таван яамны ТНБД-ыг тодруулсан билээ.