m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.30 06:04
47
С.Одонтуяа:Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш

УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа УИХ-ын 2016 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээг тогтоох” УИХ-ын 2015 оны 103 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийг өөрчилсөн байна. Ингэхдээ 2016 оны 7-12 дугаар сард амжиргааны түвшний 1-10 дугаар сарын орсон хүүхэд бүрт бэлэн мөнгөөр, үлдсэн хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгохоор болсон. Энэ нь хүүхдийг ахуй амьдралаар нь ялгаварлан гадуурхаж байгаа илрэл бөгөөд Үндсэн хуулийн дараах олон зүйл заалтыг зөрчсөн” гэлээ.

Тухайлбал, Үндсэн хуулийн 1.10.2 дахь хэсэг “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг, 2.14.1, 2.14.2 дахь хэсэг “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрх байна” гэснийг, 2.16.5 дахь хэсэг, 19.1 дэх хэсэг “Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаврлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэх мэт олон зүйл заалтыг зөрчсөн гэв. Түүнчлэн хүүхдийн эрхийн конвенцийг ч ноцтой зөрчсөн байна гэлээ. “Хүүхдийн мөнгө бол нийгмийн халамж биш. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгөөр дамжуулан өрх гэрийг дэмжих, төрөлтийг нэмэгдүүлэх хүн ам зүйн бодлогыг дэмжсэн чухал бодлого. Тиймээс дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, дүгнэлт гаргуулахаар хандаж байгаа” гэлээ.