m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.04 02:02
304
Америк мөрөөдөл \сургамжит өгүүллэг\

Нэгэн Америк бизнесмэн эр Мексикийн жижиг тосгон дахь усан онгоцны боомт дээр зогсож байгаад хажуухан талд нь загасчин эр жижиг завин дээрээ сууж байхыг харжээ. Тэрхүү жижиг завин дотор хэдхэн туна загас барьсан байхыг олж харсан Америк эр загасчнаас -“Та энэ загаснуудыг хэр хугацаанд барьсан бэ?” гэж асуувал, “Тийм ч удаан хугацаанд бариагүй ээ, энэ надад хангалттай”  хэмээн хариулав. Баян эр “Та яагаад өдөржингөө ажиллаад үүнээс их загас бариагүй юм бэ? гэсэнд загасчин эр: Одоохондоо энэ загаснуудаар гэр бүлийнхнийгээ тэжээж чаднаа” гэхэд нь, “Үгүй ээ, тэгээд та үүнээс их загас барьж болох байтал хайран сайхан цагаа зүгээр л өнгөрүүлэх юм. Та тэгээд бусад үед нь юу хийдэг юм бэ?” гэж их л гайхшрангуй асуув. Загасчин эр “Би загасчлаагүй үедээ хүүхдүүдтэйгээ тоглож, эхнэрээ дагуулан орой бүр тосгоноор зугаалан дарс шимж, найзуудынхаа хамтаар гитар тоглоод л нэг өдрийг өнгөрүүлдэг дээ” гэхэд нь
Америк эр дооглон “Би Харвардад бизнесийн удирдлагаар сурдаг. Танд гэж зөвлөхөд, та ихэнх цагаа загасчлахдаа зориулж, тэгээд энэ завинаасаа том завь худалдан авч бизнесээ өргөжүүлээд дахиад олон завь худалдаж авч болно шүү дээ. Бүр хөлөг онгоцтой ч болж болно. Барьсан загасаа энгийн худалдаачдад худалдаалж байснаас, томоохон худалдан авагчидтай болж өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй ч болж чадна. Тэгээд энэ жижигхэн тосгоноо орхиод Мексикийн хот руу нүүж, бүр цаашлаад Нью-Йорк юм уу, Лос-Анжелес хотод ирж бизнесээ өргөжүүлж болно шүү дээ” гэлээ. Харин загасчин түүнээс “Тэгээд энэ бүхэн чинь хэр хугацаанд биеллээ олох юм бэ дээ” гэвэл,
-15-20 жил.
-Тэгээд дараа нь яана гэж?
Америк эр инээгээд “Энэ чинь л хамгийн чухал хэсэг нь. Өөрийнхөө зөв гэж бодсон цагтаа компанийнхаа хувьцааг зараад л сая сая долларын эзэн болно.” 
-Саятаан, харин дараа нь яана гэж? 
Америк эр: “Тэр үед та тэтгэвэртээ гараад жижиг тосгон руугаа нүүн очоод үлдсэн цаг хугацаагаа ач зээтэйгээ тоглож, эхнэрээ дагуулан орой бүр тосгоноор зугаалан дарс шимж, найзуудынхаа хамтаар гитар тоглож амьдрах болно” хэмээжээ. Америк мөрөөдөл өө гэж...