m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.06 09:21
78
УИХ-ын дарга М.Энхболд элчин сайд ноён С.Чепурнойг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.06/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элчин сайд С.Чепурнойтой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал болохыг онцлоод тус улстай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа дурдаж, энэ тал дээр анхаарал хандуулж ажиллахыг ноён Элчин сайдаас хүсэв.

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной УИХ-ын даргыг парламентын тэргүүнээр сонгогдон ажиллаж буйд нь баяр хүргэв.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ЗХУ-ын үеэс эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа ноён Элчин сайд С.Чепурной хэлээд цаашид Монгол, Беларусь Улсын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов. Мөн тэрбээр хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, яриа хэлэлцээрийн түвшинд байгаа төсөл хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох тал дээр УИХ-ын даргыг дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Тухайлбал, Беларусь Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зорчигч тээврийн автобус, зам засвар арчилгааны машин, гал унтраах машин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн байгаагаа УИХ-ын даргад уламжилсан.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Беларусийн харилцаа, олон талт хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд ноён Элчин сайд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байгааг илэрхийлээд, УИХ-ын даргын хувьд болон УИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.