m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.07 07:43
55
Малчид, эхчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх хуулийн төслүүдийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир, Ц.Цогзолмаа, Д.Тогтохсүрэн нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд дөрвөн асуудлыг зохицуулахаар хуулийн төсөл боловсруулсан байна.

Тодруулбал, хүүхэд төрүүлсэн ээжүүд нийгмийн даатгалд хамрагдсан байдлаасаа хамаарч хүүхэд харах тэтгэмжийн хэмжээ нь ялгавартай тогтоогддог. Заавал даатгалд хамрагдсан эхчүүд хүүхдийн асаргааны тэтгэмжийг 100 хувь цалингаасаа авдаг бол сайн дураараа даатгалд хамрагдсан ээж цалингийнхаа 75 хувиар тэтгэмж авдаг. Тэгвэл хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар эхчүүдийг даатгалд хамрагдсан байдлаас үл хамаарч 100 хувь цалингаасаа авдаг болгохоор зохицуулжээ. Дараагийн асуудал нь хүүхдээ гурван нас хүртэл нь асарч буй ээжүүдийн нийгмийн даатгал нь тасалддаг. Тиймээс хүүхдээ гурван нас хүртэл харах хугацаанд ээжийн нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол өмнө төлсөн нийгмийн даалтгалын шимтгэлээс нь төлөх, ажилгүй бол 50 хувийг нь төр, 50 хувийг өөрөө төлөхөөр тусгажээ.

Мөн олон хүүхэдтэй ээжүүд өндөр насны тэтгэвэрт гарахад төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тооноос хамаарч ниймгийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмж тооцохоор заасан байна. Ингэснээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн тэтгэврийн хэмжээ өсөх боломж бүрдэх аж. Мөн малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах зэрэг дөрвөн багц асуудлыг тусгасан дээрх хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Малчид хүнд нөхцөлд, цаг наргүй хөдөлмөрлөдөг, энэ байдлаасаа хамаарч малчдын дундаж наслалт төв суурин газар ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээс харьцангуй доогуур байдаг. Засгийн газар энэ хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжжээ.

Хоёр дахь хуулийн төсөл нь малчид болон хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх юм. Монгол Улс 1.1 сая ажиллагсадтай аж. Үүний 45 хувь нь малчид, хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс байна. Тэдний 10-15 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь ирээдүйд өндөр настан болоход нийгмийн баталгаа нь алдагдах сөрөг нөхцөлтэй байгаа юм.

Иймд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нэг удаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжийг олгох хэлбэр юм гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг онцолсон. Энэ хуулийг баталбал 10 жил мал маллаад нийгмийн даатгалд хамрагдаагүй иргэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаа даатгалын шимтгэл төлж нийгмийн баталгаагаа сайжруулах боломжтой болох юм. Нөгөө талдаа халамжийн санд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ буурна гэсэн тооцоогоор хуулийн төслийг өргөн барьсан гэлээ. Хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүсчээ.