m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.08 02:26
94
Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр буюу энэ сарын 8-нд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч  2010 онд  жил бүрийн хавар, намар “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг гаргаснаас хойш энэ хүрээнд  9.7 сая мод тарьж ургуулжээ.

 

Мөн 2015 оны дөрөвдүгээр сард “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” зохион байгуулах тухай” тушаал гаргаж, уг тушаалын дагуу бүх нийтээр мод тарих өдрийг “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” өрнүүлэх хэлбэрээр зохион байгуулсан. Уг  хөдөлгөөнд  227.4 мянган иргэд, 12.8 мянган аж ахуйн нэгж байгууллагууд оролцож нийт  30 гаруй төрлийн 1.78 сая мод тарьж ургуулжээ. Мөн  улсын хэмжээнд 44.4 мянган өрх хашаандаа 296.9 ширхэг мод тарьж ургуулсан байна.

 

Энэ жил бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд тарьсан мод бут, сөөгийг эзэнтэй болгож тарьсны дараа цаашид арчилж хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх,  мөн тарьсан модыг бүртгэлжүүлж  мэдээллийн сан байгуулах юм. Энэ намрын мод тарих өдрийн хүрээнд  гэр хорооллын иргэдийн  хашаандаа мод тарьж, ургуулах идэвх санаачлагыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа бөгөөд үүний дагуу Баянзүрх дүүргийн 200 орчим иргэнд мод тарих сургалтыг зохион байгуулсан байна.  

 

2016 оны хаврын “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд улсын хэмжээнд 86.926 иргэд, 41.62 аж ахуй нэгж байгууллага оролцож, нийт 583.343 ширхэг мод, сөөг тарьжээ.

 

 Энэ дашрамд уншигч та бүхэнд мод тарьж ургуулах аргачлалын талаар танилцуулья.

1.Суулгацын нүх ухах гүн 50-60 см, диаметр 70-80 см байна.

2.Хөрс бэлтгэхдээ 50 хувь хар шороо, 30 элс, 20 хувь нь хөх бууц байхаар хийнэ.

3.Суулгацыг тарихдаа нүхний голд үндсийг нугалахгүйгээр жигд тарааж суулгана.

4.Услах арга-Суулгасны дараа хөрсийг сайтар нягтруулж гишгэж өгна. Нэг модыг 60-80 литр усаар услах шаардлагатай. Намар тарьсан мод тайван байдалд шилждэг учир цэнэг усалгааг сайтар хийх ёстой.

5.Байгальд дасан зохицон ургах-Гурван жилийн дараагаас арчилгаа усалгааг хийх шаардлагагүй болно.

 

Эх сурвалж: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам