m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.12 06:18
1242
Цэвэрлэгээний бодисын хор нөлөө

Тостой аяга, таваг, толботой хувцсаа угаахаас эхлээд өдөр тутамдаа бид угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гээд янз бүрийн химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэтэл хэрэг дээрээ тэдгээрийн хор нөлөөний талаар тэр бүр мэддэггүй. Зарим тохиолдолд сөрөг нөлөөг нь мэдсээр байж арга хэмжээ авахгүй үе ч байдаг. Тэгвэл эдгээр бодисуудын хүний биед хүргэж болох хор нөлөө, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хүргэж байна.

 

-Цэвэрлэгээний бодисууд ихэвчлэн харшил, астма үүсгэх, нүд, хамар,арьсны салст бүрхэвчийг цочроох сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс ариутгагч, цэвэрлэгч бодис болон аяга таваг угаагч авахдаа найрлага орц, зааварчилгааг маш сайн уншиж, өөрт аюулгүй, харшилгүй, гаж нөлөө багатайг нь сонгох хэрэгтэй.

-Хлор, хлорамин ба хлорын органик нэгдлүүд агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд зүрх, судасны өвчлөлийн шалтгаан болж, судасны хатуурал, цус багадалт, цусны даралт ихдэхэд нөлөөлнө. Улмаар өдөр болгон хлортой усаар цэвэрлэгээ хийх нь арьс ба үсний байдалд ч таагүй.

-Фосфат, фосфонатууд нь ус зөөллөгч хэлбэрээр дийлэнх угаалгын нунтагт агуулагддаг бөгөөд арьсанд харшил өгөх эрсдэл өндөртэй. Түүнчлэн нуур, цөөрөмд орвол замаг, усны ургамлын тэжээл болж, хэт ихээр ургах нөхцлийг бүрдүүлж, улмаар усны бусад амьд биетийг үхэлд хүргэдэг. Тиймээс орчин үед хариуцлагатай үйлдвэрлэгчид ахуйн химийн хэрэгсэлд фосфат хийхээс татгалзах болжээ.

-Гадарга идэвхтэй анионт бодисууд нь гол төлөв угаалгын нунтаг, аяга, таваг угаагчид агуулагддаг. Эдгээр нь анионт, катионт, ионогений бус гэсэн гурван үндсэн төрөлтэй. Хамгийн аюултай нь анионт гадарга идэвхтэй бодис юм. Ийм бодис нь арилалгүйгээр сав суулгаар дамжин хүний биед ордог. Халуун усаар арван удаа зайлсан ч арилалгүй үлдэх нь элбэг. Тиймээс сөрөг нөлөөг багасгахын тулд гадарга идэвхит бодисын агуулга нь таван хувиас ихгүй угаагч шингэнийг ашигла. |surfactant|

-Натрийн гипохлорид \sodium hypochlorite\ нь цайруулагч бодисуудад агуулагддаг. Энэ бодис нь тогтворгүй болохоор агуулж байгаа хлороо маш хурдан ялгаруулдаг.

-Нашатырийн спирт нь шил, толь өнгөлөн цэвэрлэгч бодисуудад байдаг. Цэвэрлэх явцад хэтрүүлбэл нүд ба амьсгалын замыг цочроох толгой өвдүүлэх аюултай.

-Нитробензол нь шахмал шал буюу манайхны ярьж заншсанаар паркет болон мебель эд өнгөлөгчид ашиглагддаг бөгөөд багтраа үүсгэх, бөөлжүүлэх нөлөө үзүүлнэ.

-Формальдегид нь хадгалагдах хугацааг уртасгагч бөгөөд хорт хавдар үүсгэгч бодис юм. Фенол ба крезолууд нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, маш идэмхий бодис юм. Түүний агуулга өндөр бол гүйлгэх, толгой эргэх, элэг, бөөрний үйл ажиллагааг доголдуулах сөрөг нөлөөтэй.