m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.17 04:01
50
Хуучин автомашин худалдан авахад анхаарах зүйлс

Гаднаасаа ямар ч асуудалгүй мэт харагдах хуучин автомашиныг өнгө үзэмжинд нь болоод автал хэдхэн хоногийн дараа замын уулзвар дээр унтарчихвал олон хүнийг бухимдуулж, өөрөө ч эвгүй байдалд орно шүү дээ. Тиймээс хуучин автомашин худалдаж авахаасаа өмнө дараах зөвөлгөөг уншаад үзээрэй.

 

1.Таны худалдан авах гэж буй машиныг засдаг засварын газрууд, сэлбэг хэрэгслийн дэлгүүрүүд хаана байдгийг мэдэж байх нь чухал. Урьд ашиглаж байсан ч бай, үгүй ч бай техник хэрэгсэлд эвдрэл гарч л таарна. Болж өгвөл авах гэж буй машинаа унаад засварын газруудад хандаж, мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлэхэд илүүдэхгүй.

2.Машин авахаасаа өмнө дугуйны чанар болон хээг нь хар.

3.Хөдөлгүүрийн гадна талд хэр их бохирдолт байгааг ажигла. Машиныхаа моторын доогуур нь харахад тос дусалж байгаа эсэх, их хэмжээний тостой харагдах зэргээс үүнийг мэдэж болно.

4.Машинаа асаагаад яндангаас гарч байгаа утааны хэмжээг хар. Хар утаа ихээр хаяж байгаа машин тодорхой хэмжээний эвдрэлтэй байна гэсэн үг.Утаа нь автомашины хөдөлгүүр ямар байгааг илэрхийлдэг нэг үзүүлэлт.

5.Автомашины жолоог эгц байрлуулсны дараа машинаа урдаас нь харж, дугуй нь голлож байгаа эсэхийг хар. Дугуй хазайсан байдлыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг алдагдсан машины дугуйн элэгдэл хурдан байдаг.

6.Машинаа унаж ойр зуур шороон замаар явж үзээд дуу шуугиан хэр байгааг анхаар. Мөн баруун, зүүн тийш эргэх маневрыг нь шалгахад гэмгүй.

7.Тухайн машин үйлдвэрлэгдсэн оныг суудлын бүрээс дээр нь бичсэн байдаг. Мөн ямар ч автомашин пайзтай байдаг бөгөөд тэрхүү пайзан дээр тухайн машины үйлдвэрлэгдсэн он, автомашины өнгөний код нь буй.

8.Үйлдвэрлэсэн улсыг нь хар. Япон автомашины үйлдвэрлэл, хийц, чанарын хувьд Солонгос автомашинаас арай илүү эдэлгээтэй ч сэлбэг нь харьцангуй үнэтэй. Харин Америк , Германаас ирж байгаа машинуудын түлшний зарцуулалт өндөр байдаг. Монголын замын нөхцлөөс шалтгаалаад Солонгос машин эвдэрч , дуу орохдоо амархан.