m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.10.25 07:48
567
Мэргэжлийн эмчийн зөвлөгөө: Арьс арчилгаа

Намрын улиралд тулгамдсан асуудлуудын нэг бол арьс арчилгаа билээ. Арьсыг намрын салхи, хуурайшилтаас хамгаалах, сэвх нөсөө тодрохоос хэрхэн урьдчилан сэргийлж арчлах талаар Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн ЭГЗНСТасгийн эрхлэгч, арьс гоо заслын их эмч М.Амаржаргалтай ярилцлаа.

 

Намрын улиралд бүсгүйчүүдийн маань арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Манай орны жилийн 4 улирал, цаг агаарын эрс тэс уур амьсгал нь арьсанд нөлөөлөх онцгой хүчин зүйл болдог.Намрын улиралд цаг агаар сэрүүхэн боловч  хуурайшилт, тоос шороо, салхи, нарны туяаны тусгал нэмэгддэг. Арьсны  чийгшилт алдагдахаас гадна нарны хэт ягаан туяаны (UVB ба UVA) нөлөөгөөр арьс улайх, хорсох харлах, уян чанар алдагдах, сэвх нөсөө, үрчлээ үүсдэг.

Энэхүү улиралд арьсаа хэрхэн зөв арчлах ёстой вэ?

-Арьс нь бие махбодийн амин чухал эрхтэн бөгөөд эрүүл бие сэтгэл зүрх, гоо үзэсгэлэнгийн толь билээ. Арьсаа эрүүл байлгахын тулд хувь хүнийхээ арьсны төрөл онцлогт тохирсон зөв арчилгаа хийх ёстой. Хүний арьсыг ерөнхийд нь 5 төрөл болгон ангилдаг. Үүнд: хэвийн, хуурай, тослог, холимог, эмзэг арьс. Арьсыг арчлахдаа цэвэрлэх, тэжээх, хамгаалах гэсэн зарчмыг баримталвал зохистой. Хуурай болон эмзэг арьс нь нар салхинд амархан улайж, хуурайших хандлагатай тул тохирсон чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тос хэрэглэх шаардлагатай. Холимог арьстай хүмүүс гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо онцгой анхаарч тос агуулаагүй усан суурьтай тос илүү тохиромжтой байдаг. Тослог арьстай бол өглөө оройдоо нүүрээ тохирсон шингэн саван, хөөс, гель, гүний цэвэрлэгчээр угаах хэрэгтэй. Өдөр тутмын арьс арчилгаандаа чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай.

-Хоёрдугаарт Нарнаас хамгаалах: Нарны гэрэл нь арьсны үрчлээ, хуурайшилт болон сэвх толбо гарах цаашилбал арьсны хавдар үүсэх шалтгаан болдог. Намрын улиралд нарнаас хамгаалах тосыг сонгохдоо арьсныхаа төрөл, ажил мэргэжлийнхээ онцлог, наранд байх хугацаагаа тооцоорой. Нарны хамгаалалтын тосон дээр SPF ++15 гэж тэмдэглэгдсэн бол 1-2 цагийн хугацаанд хамгаалах бөгөөд тосоо 2 цаг тутамд давтан түрхэх шаардлагатай. Бүсгүйчүүд маань нарнаас хамгаалах тосыг өдөр тутмын хэрэглээ болгоосой.

-Гуравдугаарт Хангалттай ус уух нь маш чухал.

Арьсны нөсөөжилтийн өөрчлөлт болох сэвх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар

-Сэвх нь ихэвчлэн цайвар арьстай хүмүүст тохиолддог, нөсөөжилтийн эмгэг өөрчлөлт юм. Арьсны нөсөө алдагдал гэдэг нь меланины үүсэлт, нийлэгжилт алдагдсанаас арьс, салстын хэвийн өнгө өөрчлөгдөхийг хэлнэ. Арьсны меланоцит эсийн ялгаруулдаг меланин пигмент нь арьсан дээр сэвх толбо үүсдэг. Гадаад орчны физик химийн нөлөөгөөр (хэт ягаан туяа, рентген туяа, хүнцэл, мөнгөн ус г.м) меланины нийлэгжилт ихэсдэг. Намар хаврын улиралд арьсны сэвх, нөсөө тодрох, нэмэгдэх нь тулгамдсан асуудал болсоор байна. Сүүлийн үед сэвх толбыг арилгах, гуужуулах хинин, салол, танин агуулсан тос крем, лазер эмчилгээ үр дүн сайтай байна. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэх нь сэвх нөсөө үүсэхээс урьдчилан сэргийлж хамгаална. Нөсөө толбо үүсэх шалтгааныг илрүүлж дотор, эмэгтэйчүүд, дотоод шүүрлийн булчирхайн эмч нартай хавсарч эмчилнэ.

Гэртээ бэлтгэж болох энгийн маскны зөвлөгөө хүргэнэ үү?

-Энэ улиралд арьсан дээр тэжээлийн дутагдал ихээр явагддаг. Заавал гараараа бэлтгэх гэлтгүй Витамин С буюу нимбэгний хүчилтэй, мөн олон төрлийн  жимсний найрлагатай маскийг сонгож хэрэглээрэй. Нэг удаагийн цаасан маск ч болно. Харин намрын улиралд таргаар бэлтгэсэн маск арьсыг хуурайшуулдаг. Мөн сэвх тодорч байх үед цайруулах маскийг олон удаа тавих нь тохиромжгүй.