m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.03 04:32
160
Ерөнхий сайдын гэргий Д.Тунгалаг хүмүүнлэгийн их үйлсийг эхлүүлжээ

Манай улсад 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний ямар нэгэн гажигтай байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл хүнд өвчтэй эдгээр хүүхдүүдэд сайхан сэтгэлээр гараа сунгадаг нэгэн бол Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий Д.Тунгалаг юм. Түүний хувьд Японы “Зүрх хамгаалах” төсөл хэмээх ашгийн бус байгууллагынхантай хамтран ажилладаг төдийгүй олон удаа хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж байжээ. 

Тэгвэл ерөнхий сайдын гэргий Д.Тунгалаг энэ удаа Япон улсаас эмч сувилагч нарын багийг урьж Сэлэнгэ, Дархан-Уулын бүс нутагт ажилласан байна. Нийтдээ 242 хүүхдэд зүрхний үзлэг, шинжилгээг хийж 81 хүүхэд зүрхний эмгэгтэйг илрүүлэн 10 хүүхдэд хагалгаа хийхээр болжээ. Мөн жирэмсэн эхчүүдэд ургийн зүрхний эмгэг тодорхойлох ЭХО үзлэг хийсэн нь орон нутагт нэн шаардлагатай нүдээ олсон ажил гэж тодорхойлж болно. Ер нь улс орны төрийн өндөрлөгүүдийн гэргий нар сайн санааны, хүмүүнлэгийн үйлсийг санаачилдаг, идэвхитэй оролцдог жишиг бий. Тэгвэл манай улсын ерөнхий сайдын гэргий ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд бусдыг түүчээлэн гар бие оролцож явааг олон хүн сайшааж байна. Энэ удаагийн үзлэгт хамрагдаж өндөр үнэтэй хагалгааг үнэгүй хийлгэх болсон иргэдийн зүгээс ч ерөнхий сайдын гэргийд талархлаа илэрхийлсээр байгаа юм. Ийнхүү нийгэмд эерэг зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх их үйлсийг эхлүүлсэн ерөнхий сайдын гэргийдээ цаашдын бүтээх сайн санааны их үйлсэд нь амжилт хүсье.