m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.04 09:28
153
Баруунбаян-Улаан сумын ИТХ-ын даргаар С.Батжаргал сонгогдлоо

Сум дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг сонгох ээлжит сонгууль өнгөрөгч сарын 19-нд болсон. Тус сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид удирдлагаа сонгох, засаг даргаа сонгох үйл явц энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ирц өндөртэй оролцсон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр анхдугаар хурлаа хийлээ. Анхдугаар хурлаас гарсан шийдвэрээр ИТХ-ын даргаар Сосорбурамын Батжаргал сонгогдож, сумын засаг даргаар Дашзэвэгийн Баатарчулууныг улираан сонгоод байна. Дашзэвэгийн Баатарчулууны хувьд сумын засаг даргаар өнгөрсөн 4 жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр энэ хугацаанд хийсэн ажлаараа аймагтаа манлайлан сумынхаа иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь үнэлэгдэж өнгөрсөн онд шилдэг тохижилттой сумаар тодорч байсан юм.  

Харин ИТХ-ын даргаар сонгогдсон Сосорбурамын Батжаргал нь "Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо"-ны Өвөрхангай аймгийн салбар хороон хяналтын зөвлөлийн даргаар ажилладаг төдийгүй нутгийнхаа үйлдвэр эрхлэгчдийг дэмжих үйлсэд гар бие оролцдог юм. Ийнхүү орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдөж, хийсэн ажлаараа сумандаа үнэлэгдсэн чадварлаг залуусын төлөөлөл сумын удирдлагаар сонгогдсонд нутгийн иргэд ам сайтай байна. 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын хувьд сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа сумуудын нэг. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтад Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхний үүрэг оролцоо ч их юм. Ийнхүү сум орон нутгаа аймгийн дайтай сурталчлан таниулж, сумаа хөгжүүлэх их үйлсийг Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны Ерөнхийлөгч, нутгийн хүү Ч.Даваабаярыг эхлүүлсэнд нутгийн иргэд талархалтай ханддаг юм.