m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.07 06:51
102
Ипотекийн зээлд өөрчлөлт орлоо

Ипотекийн зээлийн санхүүжилтийн журмыг өнгөрсөн сарын 25-нд шинээр баталсан билээ. Тэгвэл шинэ журамд онцлох 2 өөрчлөлт орсон байна. Үүнд:

1. Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ. Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм. Цаашдаа Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсний дараа Монголбанкнаас нөхөж олгох байдлаар явагдах юм.

2. Тухайн зээлдэгч ипотекийн ямар нэгэн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд өндөр орлоготой иргэд өөрийн нэр дээр хэд хэдэн орон сууцыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан тохиолдол гарч байсан. Цаашдаа ийм байдлаар нэг зээлдэгч олон давхар зээлтэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэв өмнө нь ямар нэгэн ипотекийн зээлд хамрагдсан бол тэрхүү зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа дараагийн зээлдээ хамрагдах боломжтой. Харин хугацааны хувьд 30 хүртэлх жил, урьдчилгаа төлбөр мөн 30 хувиар тогтож байгаа юм байна. Ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбай 80 ам.метрээс ихгүй байна гэж Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа хэллээ. Бондын төлбөр, зээлийн эргэн төлөлт сард дунджаар 22-25 тэрбум байдаг байна.