m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.09 03:44
564
"Үлэмж тансаг" тоглолт тун удахгүй

Уламжлалт хөгжмийг язгуур шинжээр нь өвлөн суралцах, хөгжимдөх арга барил, ардын хөгжмийн язгуур өнгө дуугаралтыг алдагдуулан өөрчлөхгүй нандигнан дээдлэх нь үндэсний дархлааг хадгалахад чухал үүрэгтэй билээ. Энэ үүргийг хэрэгжүүлж угсаатны хөгжмийн язгуур шинжийг хадгалах болон орчин цагийн хөгжмийн урлагийн ололт амжилттай хөл нийлүүлэх, нийтийн хүсэл таашаалд нийцүүлэн, өөрийн гэсэн онцлогтой уран бүтээл туурвих, эдгээр олон асуудлын зөв тэнцвэрийг олон яваа үндэсний хөгжмийн хамтлаг бол "ЖОНОН" хамтлаг юм.

 

Заавал өмнө хийгдсэн монгол ардын дууг орчин цагт хөрвүүлэх биш өөрсдөө үндэсний ёс заншил шингэсэн бүтээл хийж үүгээрээ Монголчууд бидний "ҮЛЭМЖ ТАНСАГ"-ийн ойлголтыг өгөхөөр зорьсон тоглолтыг ЖОНОН хамтлагийнхан 2016 оны 11 сарын 11-нд та бидний хүртээл болгох гэж байна. Урлагийг хүний сэтгэл гэж бодоход ямар нэгэн аргаар заавал тэсэрч ил гарах нүхээ үргэлж хайж байдаг. Энэ ч үүднээс "ҮЛЭМЖ ТАНСАГ" тоглолтоороо энд тэндгүй цухалзаад байгаа үрээ цааш цэцэг болгож ургуулах зорилгоор бүтээлүүдээ гаргаж найруулсан.

"ҮЛЭМЖ ТАНСАГ" тоглолтын хөтөлбөр:

Угталт: 18:00-19:00 цаг

Монгол үндэстний "Үлэмж Тансаг" бүтээлүүдийн үзэсгэлэн:

Монгол үндэстний гар урлалын бүтээгдэхүүн өнө удаан түүхтэй, өвөрмөц онцлог, төрөл зүйл, уран нарийн хийц, гоё сайхан байдлаараа эрхэмсэг бөгөөд хүмүүсийн үлэмж их бахархал, таашаалыг хүртсээр ирсэн байдаг.

  • Уран дархны урлал
  • Уран зураг
  • Гар урлал
  • Жонон хамтлагийн бүтээлүүдийн дээжээс

Үзэсгэлэнд Монгол уран дархны чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн бүтээлүүд тавигдах болно.

 

Тоглолт: Үлэмж Тансаг тоглолт 19:00 – 21:00 цаг

Эхлэл үе: Монгол уламжлалт онцлогоо олон улсад харуулах гэдэг ойлголт биднийг хүлээсэнд оруулж, морины шогшоо хатираа жороо мэт хайрцаглагдсан өрнөл багатай морин хуур, ятгын хэмнэл, балар эртний баатарлаг түрэмгийг санагдуулах хархираа хөөмийн түрлэгээр хөгжмийн найруулгын шийдэл дуусаж байна гэсэн ойлголтыг эвдэж чадсан бүтээлүүдээс бүрдсэн.

Үндэсний хөгжимчдийн тоглолтын ур чадвар маш өндөр хэмжээнд хөгжсөн хэдий ч тоглох Монгол бүтээлийн урын сан шинэчлэгдээгүй, уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ шинэлэг арга барил дутагдалтай байгаагаас болж, гадаадын хит дуу киноны хөгжмийн ковер тоглолт их болж байна гэсэн шүүмж байгаа. Гэхдээ урлаг өөрөө нийгмийн сэтгэлгээг урагшлуулж, хүмүүсийг шинэ хандлага уруу дагуулж байдаг. "ҮЛЭМЖ ТАНСАГ" тоглолтын хувьд хөгжмийг аль болох олон хүнд хүртээхээр нийтийн таашаалыг дагаж зориудаар бүтээхээс илүү жинхэнэ урлагийн бүтээл гэж үнэлэгдэх хөгжим зохиож түүгээрээ үндэсний өв уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлж, хойчид хүртээх мөн Дэлхийд таашаагдах нэн тэргүүний зорилго юм.

Өрнөл үе: Монгол угсаатны хөгжим ямар ч урсгал чиглэлтэй сүлэлдэн шинэ төрхийг олж болох баялаг ундаргатай. Бидэнд зөвхөн рок, поп, жааз аливаа урсгалд баригдахгүй байх өөр олон боломжит уран сайхны шийдэл байгааг энэхүү уран бүтээлийн тоглолт бүрэн харуулж чадна.

Төгсгөл үе: Дуу авиа хөгжим нь өөрөө хэмнэл ая хоёроос гадна маш олон илэрхийллийн боломжит хэрэглүүртэй. Үнэхээр бусдаас ялгарах өөрийн өвөрмөц шийдэлтэй, Монголчууд төдийгүй Дэлхийн сонсогчдын мэдлэгийн төвшинд хүрсэн хөгжим зохиож шинэ мэдрэмж, төсөөллийг төрүүлж чадах тийм л "ҮЛЭМЖ ТАНСАГ" бүтээлүүд энд тоглогдоно. Энэ нь өөрөө аль ч орны сонсогчдод хүлээн зөвшөөрөгдөж олон улсын хөгжмийн урлагийн зах зээлд нэвтрэх боломжтойгоороо онцлог болно.

Бидний эрхэмлэх ёстой угсаатны хөгжмийн гол амин сүнсийг маш сайн судлан мэдэрч, орчин цагийн хөгжмийн технологийн ололтуудтай хөг нийлүүлэн хөгжүүлж "Үндэсний язгуур урлаг"-ийн хөгжлийн цоо шинэ төвшинд хүрснийг батлах, урлагаар дамжуулж ямар "Үлэмж" ихийг илэрхийлж, аль ч "Тансаг" сайхныг харуулж чадах боломжтой вэ? гэдгийг мэдрүүлэх юм.

 

Уран бүтээлчид:

Үлэмж Тансаг тоглолтод Жонон хамтлаг, Филармонийн оркестр, үндэсний бүжгийн хамтлаг, дуучид, хамтран бүтээл хийсэн уран бүтээлчид, техникч, зохион байгуулалтынх гэх 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өндөр зэрэглэлд бэлтгэгдсэн арга хэмжээ болно.

Тоглолтын танхим: THE CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE

  • Урлагийн тоглолтын стандартад нийцсэн мэргэжлийн төвшний ТАЙЗ
  • Орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэлтэй хөгжим, техник тоног төхөөрөмжийн дуугаралтын төгс шийдэл
  • Өндөр нягтрал, өргөн том ЛЕД дэлгэц
  • Гэрэл, гэрэлтүүлэг, өнгөний шинэ технологи
  • Зочдыг угтах, үдэх үйлчилгээ
  • 1100 хүртэлх хүний багтаамжтай
  • Ариун цэврийн өрөө, хувцасны өлгүүрийн хэсэг, уран бүтээлчдийн хувцас солих өрөө зэрэг нэмэлт өрөөний хангалттай шийдэлтэй
  • Өндөр зэрэглэлийн хүлээн авалт
  • Зохион байгуулалттай автомашины зогсоол