m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.09 05:39
108
Хүүхэд харах үйлчилгээний хуулийн орчныг сайжруулна

Нийгмийн  бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай болон Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонслоо. Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг засгийн газраас хойшлуулах шийдвэр гаргаад байсан.  Үүнийг олон нийт эсэргүүцэж буй учраас засгийн газраас шийдвэрээ эргэн харснаар 2017 оны улсын төсөвт шаардагдах зардлыг нь суулгахаар хэлэлцүүлэгт оруулаад буй. Салбарын яамнаас нь өгч буй мэдээллээр хүүхэд харах үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагджээ.

Одоогоор улсын хэмжээнд 875 хүүхэд харах нэгж байгуулагдсан байна. Мөн Хүүхэд харах үйлчилгээний эрх хүссэн 79 нэгж байгаа аж.Энэ онд 10328 хүүхдэд хамрагдана гэж тооцоод улсын төсөвт 10,6 тэрбум төгрөгийг тусгаад байсан. Гэвч   үйл ажиллагаа 4 сараас эхэлсэн учир 5,5 тэрбум төгрөг төсвийн тодотголоор танагджээ.  Улсын хэмжээнд 2016 оны 4, 5, 9, 10-р сард 2,86 тэрбум төгрөгийг олгосон байна. Мөн сүүлийн хоёр сард энэ үйлчилгээнд зориулж төсвийн тодотголоор 1.7 тэрбум төгрөг дахин төсөвлөжээ.  Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг аймаг, нийслэлийн дунджаар тооцоход нэг сард 131,8 мянга төгрөг буюу нэг жилд 9 сар үйлчилгээ үзүүлнэ гэвэл нэг хичээлийн жилд нэг хүүхдийн хувьсах зардал 1,186,267 төгрөг болох аж.

Цаашид нэмж хамрагдах шаардлагатай нэг хүүхдэд нэг жилийн хувьсах зардалд 1,186,267 төгрөг нэмж төсөвлөх шаардлагатай байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн 79 хүүхэд харагч нарт зөвшөөрөл олгоход 395 хүүхдийн нэг жилийн хувьсах зардалд 468,575,465 төгрөг нэмж шаардагдана. Саяхан НХХЯ-наас Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах шаардлага, стандарт зөрчигдсөн зүйл ажиглагджээ.  Хуулиар нэг хүүхэд харагчид оногдох тоо тав байдаг. Гэтэл энэ тоо илүүдэлтэй байсан байна. Хүүхэд харах нэгжид стандартаар 15 хүүхэд байхаар заасан. Шалгалтын явцад 60 хүртэл хүүхэдтэй нэгж байсан байна. Тиймээс цаашид  Хүүхэд харах үйлчилгээг аттестатчилалд хамруулах, хуулийн орчныг сайжруулах, стандартыг мөрдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.