m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.11.10 07:02
141
Их мастер С.Цогбадрах олимпийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп нь гурван өдөр үргэлжлэх ба 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр бөгөөд "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгасан эхний төрлийн дүн гарлаа.

Энэ төрөлд 2012 онд манай тамирчин Их Мастер С.Цогбадрах 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтыг эзэмшиж байсан бол өнөөдөр 486 цифр болгон дээд амжилтаа шинэчлэн алтан медаль хүртлээ. Ингэснээр Их Мастер С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо. Мөн маш хатуу дүрэмтэй энэ төрөлд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангалаа.

"Флаш Тоо" төрөлд:

1-р байр: Дэлхийн #34, С.Цогбадрах (Монгол) - 486 цифр

2-р байр: Дэлхийн #15, Кристиан Шафер (Герман) - 408 цифр

3-р байр: Дэлхийн #17, Э.Пүрэвжав (Монгол) - 232 цифр

Мөн энэ төрөлд дэлхийн шилдгүүдийг ардаа орхин 4-р байр ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас), 7-р байр Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас), 8-р байр ОУ-ын Мастер Т.Энхжин (18 нас), 9-р байр Н.Намуундарь (12 нас), 10-р байр ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас), 11-р байр Б.Хангал (11 нас) нартаа давхар баяр хүргэе!